Гэзэгт халимаг залуусыг байлдан дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

FASHION

Гэзэгт халимаг залуусыг байлдан дагуулж байна

Гэзэгт халимаг залуусыг байлдан дагуулж байна

Барууны орнуудад хэн ч сонирхохоо больсон “муллет” гэх үсний засалт “чонон тайралт” нэртэйгээр шинэ үеийн залуусын дунд мода болж байна. Урд болон хажуу хэсгээрээ богино, харин хойд талдаа гэзэг үлдээн тайрдаг үс засалтыг монгол хэлэнд нуруут, гэзэгт халимаг гэдэг.  Өдгөө цахим орчинд Z үеийнхнийг байлдан дагуулахаас өмнө уг засалт нэгэн үе мартагдсаныг эс тооцвол эрт үеэс  алдартай байсан хэв маяг юм.

Ийнхүү гэзэгт халимаг эргэн сэргэхэд Өмнөд Солонгосын салонууд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Тэгэхдээ өмнө нь гэзэгт халимаг тавихад урд болон хажуу хэсгийг харьцангуй тэгш тайрдаг байсан. Тэгвэл үүнээс татгалзан замбараагүй, сэгсгэр тайрдаг болсон нь "муллет" засалтыг "чонон тайралт" болгон өөрчилсөн аж. Учир нь эл үс засалт залуусыг энгийн, даруу, номхон төрхөөс салгаж, хэнд ч захирагдахгүй, яг л чоно мэт гал цогтой зэрлэгдүү дүр төрхтэй болгодог гэнэ. Мөн бага зэргийн долгионтой хими хийчихвэл бүүр ч эрэмгий төрх бүрддэг байна.

Гэзэгт халимаг залуусын анхаарлын төвд орж, байлдан дагуулж байгаагийн жишээ нь Instagram орчинд алдартай үсчид өөр өөрсдийн хэв маягаар зассан  нийтэлж байна. Мөн Tik Tok  орчинд залуус гэртээ гэзэгт халимаг тавьж байгаа бичлэгээ оруулах болжээ.

Зарим залуус эрсдэлтэй нүүр тулахгүйгээр орчин цагийн шинэ "чонон тайралт"-аар үсээ засуулахын тулд үсчинд хандаж байгаа бол  юунаас ч айхыг мэддэггүй эрч хүчтэй залуус, охид гал тогооны хайчаа барин угаалгын өрөөнийхөө толинд харж байгаад үсээ засаж байна. Тухайлбал, Youtube орчинд хэрхэн өөрийнхөө үсийг чонон тайралттай болгох талаар заавар болон туршилт дүрс бичлэгүүд маш олон янзаараа нийтлэгдэж,  Tik Tok орчинд 80.7 сая дүрс бичлэг #wolfcut хаштагтайгаар оржээ.

Орчин үеийн залуусын дунд хүйс харгалзалгүй даган дуурайж болдог гэдгээрээ сайшаал хүртэж буй үс засалт үнэндээ маш эртний түүхтэй. Жишээлбэл, Грекийн яруу найрагч Гомер НТӨ наймдугаар зуунд бичсэн “Илайад” бүтээлдээ нэгэн жадчин эрийг дух болон шанааныхаа үсийг богиносгон тайрсан ч дагзных нь гэзэг урт ургасан хэмээн дүрслэн бичсэн байдаг. Зураглаж үзвэл эл дүрслэл маргаангүй "муллет" тайралт мөн болой.

Түүнчлэн гэзэгт халимаг 1970-аад онд залуу, цоглог үеийнхнийг байлдан дагуулж байсан түүх бий. Тухайлбал, тухайн үед дуу хөгжмийн ертөнцөд нэрээ цуурайтуулж, тэр цуурай нь өдгөө ч тод хадгалагдан үлдсэн дуучин Дэвид Боуи буюу түүний бүтээж байсан Зигги Стардаст хэмээх тайзны дүр гэзэгт халимаг үсээрээ хараа булаадаг байсан юм. Түүнээс хойш олон ч урлагийн одод Боуигаас санаа аван бүтээл, загваруудаа туурвиж, тэр нь үе үе дахин дахин сэргэсээр ирсэн юм.

Харин сүүлийн үед залуу үеийнхэн аль болох хүйс, хүйсийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, мартаж, ялгаа заагийг арилгаж, өөрийгөө болон бусдыг хүйсээр нь ангилж харахгүй байхыг эрмэлздэг болжээ. Чухам энэ үед хүйсийн ялгаа заагийг үл харуулахын тулд загвар зохион бүтээгчид чадлаараа сэтгэн хэний ч өмсөж болохоор хувцас урлаж, урлагийн одод байр сууриа илэрхийлж, охид илүү эрэгтэйлэг хувцаслаж, хөвгүүд даашинз, бошинз, торон хувцсанд дурлаж, нүүрээ будан олон янзаар турших болжээ. Тухайлбал, хоёрдугаар сард авсан судалгааны үр дүнгээс харвал АНУ-ын нийт Z үеийнхний тэн хагас нь хүйс хэмээх ойлголтыг харьцангуй хэмээж, хүнийг хүйсээр нь дүгнэх явдлыг хэт хоцрогдсон хэмээн үздэгээ илэрхийлсэн байна. Тэгтэл яг энэ эгзэгтэй үед чонон тайралт хэмээх үс засалт хүйс хамааралгүй бүх хүнд зохидог гэдгийг залуус олж мэдсэн нь том олз болж таарав.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж