Чинээлэг азиуд эх оронд нь вакцины хүрэлцээ хангалтгүй байгаагаас болж АНУ-д очиж вакцин хийлгэхийн тулд олон зуун км зам туулж байна.
АНУ-ын эрх баригч нар иргэдээ вакцинжуулахын тулд вакцин тариулсан иргэдэд үнэгүй сугалаа, амттан зэргийг санал болгож байгаа билээ. Харин Азийн зарим орнуудад аяллын компаниуд хүмүүст вакцинтай аялал санал болгож эхэлсэн байна.
Жишээлбэл, Тайланд, Вьетнам, Энэтхэг, Тайвань зэрэг цар тахлын эхний давлагаанд амжилттай байсан ч вакцины дутагдалтайгаас болоод хоёр дахь давлагаанд хүчтэй цохигдож буй орнуудад аяллын компаниуд АНУ-д аялуулангаа вакцин хийлгэх үйлчилгээ ихээр санал болгох болсон аж.
Тэдгээр Азийн орнуудад вакцины хүрэлцээ тун хангалтгүй байгаа нь бүс нутгийн хэмжээнд асуудал болж байгаа юм. Жишээлбэл, Вьетнам нийт 98 сая хүн амынхаа ердөө нэг хувийг, Тайвань 24 сая хүн амынхаа 1.3 хувийг вакцинжуулж амжжээ.
АНУ дотооддоо нийт хүн амдаа хүрэлцэхээс хоёр дахин их вакцин нөөцлөн авсан юм. Түүнчлэн Техас, Аризона, Калифорни тэргүүтэй АНУ-ын олон муж хүмүүсийн хууль ёсны хаяг аль улсад байхаас үл шалтгаалан бичиг баримттайгаа ирсэн хүн бүрд вакцин үнэгүй тарьж байгаа билээ.
Ийнхүү эх орныхоо вакцинжуулалтын хөтөлбөрийг гажуудуулж, гадаад оронд очиж вакцин тариулах нь зарим улсад хэл ам дагуулах болсон байна. Жишээлбэл, Тайванийн Аялал жуулчлалын яам аяллын компаниудад вакцинтай аялал зохион байгуулахыг хуулиар хоригложээ. Мөн Вьетнамд вакцинтай аялал зохион байгуулах тухай асуудлыг түр түдгэлзүүлсэн байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ