Японы хөдөө орон нутгуудад олон сая байшин эзэнгүй хоцорчээ. Нутгийн удирдлагууд хүн амынхаа тоонд санаа зовон, тэдгээр хоосон байшингуудыг маш бага үнээр санал болгож байгаа аж.
Япончууд эзгүй болсон байшинг “Акияа” хэмээн нэрлэдэг байна. Тэдгээр эзгүй байшингуудыг эзэнтэй болгохын тулд нутгийн удирдлагууд олон янзын арга сэдэх болжээ. Жишээлбэл, эзгүй байшин худалдаж авбал нутгийн захиргаанаас хэрэглээний зарим төлбөрийг хөнгөлөх, аливаа засварыг үнэгүй хийж өгөх зэрэг урамшуулал үзүүлж байгаа аж.
Японы орон сууц, газрын судалгааны албанаас таван жил тутамд эзэнгүй болсон байшингуудыг тоолдог байна. Хамгийн сүүлд 2018 онд тоолоход нийт 8.49 сая байшин эзэд нь нүүсэн, нас барсан гэх мэт шалтгаанаар эзгүйрч хоцорчээ. Энэ бол 2013 оныхтой харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түүнчлэн Японы нийт 62.42 сая орон сууцны 13.6 хувь нь эзгүй байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн ихэнх нь хүн амын нягтаршил багатай Вакаяма, Токушима, Кагошима, Кочи хот, тосгодод буй аж.
Хүн ам багатай хөдөө орон нутгуудын хүн амыг тэнцвэржүүлэх нь Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөний гол хэсэг билээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард албан тушаалаа авахдаа “Хөдөө орон нутгуудын хүн амыг тэнцвэржүүлэх замаар аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, улмаар эдийн засгаа сайжруулна” хэмээн амласан юм.
Эзгүй байшингийн тоо улам олширч, тэднийг зарах, эзэнтэй болгох ажил чухал асуудал болсон учир орон нутгийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, тэдгээр байшингуудыг худалдан авахад илүү амар байлгахын тулд олон ажил хийжээ. Жишээлбэл, Точиги, Нагано хотууд өөрсдийн гэсэн эзгүй байшингийн банктай бөгөөд тус банкны сайтаар зочилбол тэр хот дахь бүх эзгүй байшингууд зураг, танилцуулга, үнэтэйгээ байх аж. Сайтаас харахад зарим байшин ердөө 50 мянган иен буюу 455 ам.доллартай тэнцэхүйц үнэтэй болжээ.
Харин Окутума тосгонд хуучирсан эзгүй байшингуудыг үнэгүй өгч байгаа бөгөөд зарим иргэд тэр үнэгүй байшингуудыг үйлчилгээний газар болгон овжин ашиглах болжээ.
Мөн зарим хот, тосгодод илүү сонирхолтой аргууд хэрэгжүүлснээр хоосон байшингийн тоо мэдэгдэхүйц цөөрч эхэлсэн байна. Тухайлбал, Хоккайдогийн Микаса тосгонд эзгүй байшин худалдан авсан айлын хүүхэд асрах зардал, гэрийн тавилга авах зардалд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарснаас хойш тус тосгонд эзгүй байшингийн тоо 11 хувиар буурсан байна.
Дайсен тосгонд эзгүй байшинд засвар хийн, өөд нь татсан хүнд хоёр сая иений урамшуулал өгөхөөр болсноос хойш эзгүй байшингийн тоо 7.9 хувиар багасчээ.
Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Токио дахь ажлаа хөдөө орон нутгаас хийдэг хүмүүст нэг сая иений урамшуулал, хөдөө орон нутагт технологийн бизнес эхлүүлсэн хүмүүст гурван сая иений урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн байна.
Сүүлийн үед энэ асуудал зөвхөн Япон гэлтгүй АНУ, Итали зэрэг барууны орнуудад мөн тулгарч байгаа билээ. Жишээлбэл, Италийн нэгэн тосгон эзгүй байшингуудыг ердөө нэг еврогоор зарж буй мэдээ цахим орчинд хурдтай тараад буй юм.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ