УИХ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.01-нд нийтлэгдсэн

УИХ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралд бэлтгэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Шинээр бүрдсэн ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийг тус тус нэгтгэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах аж. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Х.Ганхуяг ажиллахаар болжээ. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар багтсан байна. МҮХАҮТ-аас Covid-19-ийн дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн.

Уг санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох санал гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн юм. Танхимын зүгээс Зөвшөөрлийн тухай хууль эрх зүйн орчинтой холбогдуулан бизнес эрхлэгчдийн саналаа Засгийн газар, УИХ-ын Байнгын хороонд тухай бүрт нь хүргүүлж байсан. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байв. Мөн Зөвшөөрлийн тоог бууруулах ажлын хэсэгт орж ажиллаж байсан билээ.

2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа бий. Энэ нь бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж ирсэн. Зөвшөөрөлтэй холбоотой зарим харилцааг шинээр зохицуулах шаардлага ч гарч буй.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулах, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, зөвшөөрөл хүчинтэй байх хугацааг сунгах, шат дамжлагыг багасгах зэрэг заалтууд тусгагдсан. УИХ-ын гишүүн, дээрх хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар авлига, хүнд суртлыг хумих төдийгүй бизнес эрхлэх орчныг сайжруулах, чөлөөт өрсөлдөөн бий болгох зэрэг олон давуу тал үүснэ” хэмээн онцолжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж