Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага байна. Тухайлбал, Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харъяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг.
ХБНГУ-д төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Харин Донбоско төв хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг байна.
“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж буй аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ