Монгол Улс 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хүүхдийн баяр”-ыг бүх нийтээр тэмдэглэж эхэлснээс хойш 69 дэх жилтэйгээ золгож байна. Анх 1925 онд Швейцарь Улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”-аас уриалан, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж буй юм.
Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийн баяр”-ыг дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлын үед цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж буй энэ үед “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн өрнөж буй онцлогтой. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас энэхүү үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгдэхийг уриалж буй юм.
“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний гол зорилго нь хүүхдийн эрх хамгааллын асуудлаархи салбар хоорондын бодлогын уялдаа холбоог улам сайжруулж, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэгдэж буй юм.
Мөн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх санал санаачилгыг үндэсний хэмжээнд өрнүүлж, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах явдал.
Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр нэгдэн орсон. Тус конвенцид оролцогч улсууд хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж, үндэснийхээ хүрээнд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгааг хэлэлцэж, санал дүгнэлт гарган, зөвлөгөө өгөх үүргийг Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороо хариуцдаг. Иймд Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан ерөнхий зөвлөмжүүд Хүүхдийн эрхийн тухай конвенциор баталгаажсан эрхийг тайлбарлах албан ёсны тайлбар болдог.
Хүүхдийн эрхийн хорооноос 2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Хүүхдийн дээд ашиг сонирхол нь нэн тэргүүнд анхаарах зүйл болох тухай” ерөнхий зөвлөмж №14-ийг гаргаж, хүүхдийн дээд ашиг сонирхлын тухай ойлголтыг тусгажээ.
Хүүхэд насанд хүрэгчтэй харьцуулахад ижил түвшинд нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй тул хүүхдийн ашиг сонирхолыг илүү давуу юм гэж үзэхгүй тохиолдолд хүүхдийн эрх, ашиг сонирхол анзаарагдахгүй орхигддог.
Иймд хүүхдийн дээд ашиг сонирхол нь “анхдагч анхаарах ёстой ашиг сонирхол” байхаас гадна “дээд зэргийн хэмжээнд анхаарах ёстой ашиг сонирхол” байх ёстой юм.
Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд анхаарах зарчим нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд зааснаар нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд баримтлах зарчим болохын хувьд аливаа байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд заавал баримталж, процедурын журмаар хангагдах ёстой зарчим юм.
Иймд аливаа байгууллага хүүхдийн эрх, ашиг сонирхолтой холбогдолтой шийдвэр гаргахдаа шийдвэрийн хүүхдэд нөлөөлөх эерэг болон сөрөг нөлөөллийг харгалзан үзэж, шийдвэрийн үндэслэлд хүүхдийн дээд ашиг сонирхолыг хэрхэн хангасан талаар заавал тусгах ёстой. Иймд оролцогч улсууд нь хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд эрх, ашиг сонирхолыг хэрхэн хүндэтгэсэн, ямар шалгуурын хүрээнд хүүхдийн дээд эрх, ашиг сонирхолыг хангахад юуг анхаарсан, бусад эрх, ашиг сонирхлуудаас хүүхдийн дээд эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд анхаарсан талаар тодорхой тусгах шаардлагатай юм.
Хүүхэд үрчлэлт, гэрлэлт цуцлах зэрэг хүүхэдтэй холбогдолтой хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх тохиолдолд хүүхдийн амьдрал, хөгжилд үзүүлэх нөлөөлөл ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, цаашид хүүхдэд хайхрамжгүй хандах хандлага зэргийг нэн түрүүнд харгалзан үзсэний үндсэнд шийдвэр гаргах нь чухал.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 13 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахаас бусад тохиолдолд хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах ёсгүй юм.
Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үүнд, төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээлиийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөө багтана. Гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бол бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах чиглэлээр зарим хязгаарлалт тогтоож болох талаар хуульд заасан билээ.
Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр"-ын мэнд дэвшүүлье!
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ