Цаг агаарын урьдчилсан төлөв байдал энэ сард ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.
-Урьдчилсан байдлаар зургадугаар сард цаг агаарын төлөв байдал ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сард баруун аймгуудаас бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Тухайлбал, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгаа юм. Хур тунадасны тухайд нутгийн хойд хэсгээр ахиу байна. Бусад нутагт олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.
Зуны улиралд ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул малчид, иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Агаарын дундаж температур Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6 хэм сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй байна. Агаарын дундаж температур Төв аймгийн өмнөд, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байна.
-Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор иргэд, малчдад онцгойлон анхааруулах зүйл юу байна вэ?
-Хур тунадас Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Зарим газраар түр зуурын аадар бороо орно. Иймд нийт иргэдэд үер усны аюулаас онцгойлон сэрэмжлэх шаардлагатайг анхааруулъя. Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар явах хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг анхааруулж байна.
Зургадугаар сарын 2-ноос нийт нутгийн зүүн хагаст, 3-нд Төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нийт нутаг, 4-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, уулаар нойтон цастай байна. Харин 5-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн амйгийн ихэнх газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Малчид, тариаланчдын хувьд энэ сарын эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байна. Зургадугаар сарын 5-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд нутгийн зүүн хагаст салхи шуургатай. Харин энэ сарын 3, 4, 5-нд ихэнх нутгаар 30-аас дээш хэм хүрч хална.
Холбоотой мэдээ