Цар тахлаас болж Энэтхэгт олон зуун хүүхэд өнчирчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Цар тахлаас болж Энэтхэгт олон зуун хүүхэд өнчирчээ

Цар тахлаас болж Энэтхэгт олон зуун хүүхэд өнчирчээ

Таван настай Пратам, түүний 10 настай ах Аюуш нар дөрөвдүгээр сард аавыгаа цар тахлаар алджээ. Түүнээс хойш хэдхэн өдрийн дараа Делигийн өөр нэгэн эмнэлэгт тэдний ээж мөн амьсгал хураасан байна.

Ийнхүү өөрсдөө ч анзаарахаас нь өмнө хүүхдүүдийн ертөнц, амьдрал, ирээдүй орвонгоороо эргэсэн аж. Хүүхдүүд ээж, аав нь яагаад гэртээ ирэхгүй байгааг үргэлж асуудаг гэнэ. Учир нь, хамаатнууд нь тэдэнд ээж, аавыг нь ажилдаа явсан гэж хэлсэн гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал хүнд болж байсан учир тэдний хамаатнууд Делид төвтэй өнчин хүүхэд асрах төрийн бус байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрсэн аж. Тус байгуулла өдгөө Пратам, Аюуш хоёрыг хамтад нь өргөж авах гэр бүл хайж байгаа гэнэ.

Мөн 12 настай Сониа, түүний дүү долоон настай Амит нар өнгөрсөн 2020 оны зургадугаар сард цар тахлын эхний давлагаанд аавыгаа, энэ оны дөрөвдүгээр сард ээжийгээ алджээ. Пратам, Аюуш хоёроос ялгаатай нь тэднийг хүнд өргүүлэхийн оронд эмээ нь асран хамгаалж байгаа аж. Гэхдээ эмээгийн бие муу байгаа учир хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байгаа аж.

Дээрх хоёр жишээ бол Энэтхэгт алхам тутамд тааралдах өнчин хүүхдүүдийн ердөө хоёр жишээ юм. Цар тахлаас болж Энэтхэгийн олон зуун хүүхдүүд өнчирч байна. Энэтхэгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн хамгааллын сайд Смирти Иранигийн хэлснээр дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 25-ны хооронд 577 хүүхэд бүтэн өнчин болсон байна. Гэвч мэргэжилтнүүд дээрх тоог хэтэрхий дарсан үзүүлэлт гэж баталцгааж байгаа юм. Жишээлбэл, Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан Уттар Прадеш мужид 1000 гаруй хүүхэд өнчирснийг бүртгэсэн талаар мужийн хүүхэд хамгааллын газрын мэргэжилтэн мэдээлсэн байна. Тэрбээр 1000 гаруй гэдэг бол зөвхөн нэг мужийн бүрэн тоолж ч дуусаагүй тоо тул улсын хэмжээнд өнчирсөн хүүхдийн тоо үүнээс олон дахин их болохыг дахин сануулсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн амралтын өдрүүдээр өнчирсөн хүүхдүүд тус бүрд 13970 ам.долларын сан үүсгэж, уг сангийн мөнгийг 18-23 нас хүртэл нь тэтгэмж болгон тарааж байхаар шийдсэнээ зарласан юм.

Энэтхэгт муж бүр өөр өөрсдийн гэсэн хүүхэд хамгааллын хороотой бөгөөд хүүхэд өргөж авах талаар маш чанга хуультай билээ. Түүнчлэн Энэтхэгт хүүхэд өргөж авах явдал маш цөөн байдаг юм. Жишээлбэл, 2020 оны гуравдугаар сарын байдлаар Энэтхэгт нийт 3351 хүүхэд шинэ гэр бүлтэй болж байсан гэх тоо бий. Энэ бол тэр үеийг хүртэл өнчирсөн олон арван мянган хүүхдүүдийн ердөө өчүүхэн хувь нь юм. Харьцуулж үзвэл, АНУ-д 2019 он хүртэл нийт 66 мянга гаруй хүүхэд шинэ гэр бүлтэй болж байсан гэнэ.

Зарим мэргэжилтнүүдийн санал болгож байгаагаар өнчирсөн энэ олон мянган хүүхдүүдийг бүгдийг нь гэр бүлтэй болгох нь бараг бүтэхгүй учир асрамжийн өөр арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх нь чухал гэжээ. Тухайлбал, дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр цар тахлын аюултай нөхцөл байдал намжтал хүүхдүүдийг нэг дор бөөгнөрүүлэн асрамжийн газруудын ачааллыг нэмж, эрсдэл үүсгэхийн оронд гэр бүлийн найзууд, хамаатнуудад нь тусламж үзүүлэн хүүхдүүдийг харуулах асуудлыг хөндөх болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж