Ц.Очгэрэл: Шүүхийн шийдвэр хуулийн адил хэлбэрэлтгүй хэрэгжиж байх ёстой

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Ц.Очгэрэл: Шүүхийн шийдвэр хуулийн адил хэлбэрэлтгүй хэрэгжиж байх ёстой

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой өдгөө тохиож буй. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хурлын талаар ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэлтэй ярилцлаа.

– Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдол юу вэ?

– Юуны өмнө Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан байгууллагынхаа нийт албан хаагчид болон хамтран зүтгэгчид, ахмад ажилтнууд, алба хаагчдын ар гэр, хамтран ажилладаг бүх төрийн болон төрийн бус байгууллагынхандаа байгууллагын ойн баярын мэндийг дэвшүүлье. Аливаа төрийн байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг бол хэд хэдэн чухал ач холбогдолтой байх учиртай. Нэгдүгээрт, өнгөрсөн цаг хугацаанд хийж бүтээсэн ажлын ололт, амжилтыг дүгнэж, цэгнэх явдал юм. Үүн дээр суурилаад салбарын өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлс, улс орны хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмэр, байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй холбогдсон түүхэн уламжлалаа эргэн харж дүгнэн, судлахын зэрэгцээ хүрсэн амжилтаа бататгах, цаашдын зорилго стратеги, алсын хараагаа тодорхойлох чухал ач холбогдолтой байдаг.

Хоёрдугаарт, алба хаагч бүрийн албаны зорилго, чиглэлийг тодорхойлох, хүсэл тэмүүллийг нь тодорхой хэмжээнд чиглүүлж өгөх зэрэг олон эерэг үр дагаврыг бий болгоход ойг тэмдэглэж өнгөрүүлэх ажлын ач холбогдол оршиж байх ёстой. Манай байгууллагын хувьд ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал бол энэ зорилгоос үүдэлтэй.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол байгууллагын соёлын салшгүй хэсэг байх учиртай бөгөөд энэ ч үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг үндсэн стратеги зорилтыг байгууллагын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, салбарын эрдэм, судлалыг өргөжүүлэх чиглэл болгон бодлогын баримт бичгүүдэд тусгаад байна. Түүнээс гадна салбарын болон бусад хамтран ажилладаг байгууллагын эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллийн санаа бодол, судалгаа шинжилгээний үр дүнг эргэлтэд оруулах зорилгыг давхар агуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурал, эрдмийн хэлэлцүүлгийг бид ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулснаар эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх асуудлыг тал бүрээс нь судлан шинжлэх боломжийг бүрдүүлэхийг хичээсэн. Салбарын эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх гарц шийдлийг олон талаас нь судлан тодорхойлж, хэлэлцэн зөвшилцөнө гэдэг бол ойн арга хэмжээний их гэгээлэг бөгөөд эрдэмлэг, байгууллагын соёлыг зөв талаас нь харуулсан арга хэмжээ боллоо.

– ШШГБ-ын эрх зүйн зохицуулалтын уламжлал, түүхэн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

– Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга, зарчмыг маш олон өнцгөөс харж, байгууллагын үйл ажиллагааны салаа, мөчир болгоны эрх зүйн зохицуулалт нь ямар төвшинд явж байна вэ гэдгийг судалж, шинжлэх учиртай. Үүнээс гадна түүхийн явцад бид ямар хууль, эрх зүйн актыг, ямар зорилгоор баталчихаад, тэр нь үнэхээр зохицуулах ёстой харилцаагаа бүрэн дүүрэн зохицуулж, хуулийн зохицуулалтыг зөв бий болгож чадаж уу, үгүй гэдгийг судлан шинжлэхгүйгээр өнөөдрийг дүгнэж, маргаашийг харна гэж байхгүй.

Тэгэхээр өмнөх цаг хугацаанд хэрэгжиж байсан хуулийн зохицуулалтуудын давуу тал, тухайн цаг үеийн онцлог нөхцөл байдал, үйлчилж байсан хугацаандаа ямар хүрээнд, ямар үр дүнтэйгээр хэрэгжиж байсан бэ гэдгийг сайтар ухаж төнхөх нь чухал. Товчхондоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх зүйн шинэтгэлийн арвин баялаг түүхтэй. 1921 онд байгуулагдсан цаг мөчөөс авахуулаад тухайн үед анхны байгуулагдаж байсан “Гяндан хороо”-ны үйл ажиллагааг зохицуулах, гяндангийн дэргэд түр мөрдөх заавар, цаашилвал Их гяндангийн дүрэм, 1931 оны Аливаа хэрэгтэнг ялтанг засан сайжруулах тухай бие даасан анхны хуулиас эхлээд 1966, 1981 оны Засан хүмүүжүүлэх хуулиуд, 1993 онд Хорих байгууллага, хорих ял эдлүүлэх ажиллагааны тухай хууль, 1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлэх гээд хуулийн шинэчлэлийн томоохон алхмуудыг хийж ирсэн.

Эдгээр хуулиудаас гадна хуультай нийцүүлээд маш олон дүрэм, журам, зааврыг дотоод үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах үүднээс баталж байсан байдаг. Уламжлалын хувьд одоогийн бидэнд тулгамдаад байгаа алба хаагчийн сэтгэл зүйг судлан шинжлэх, алба хаагчийн нийгмийн\ асуудлыг шийдвэрлэх, хорихоос өөр төрлийн ялыг ямар зарчмаар хэрэгжүүлэх, тухайн үеийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, хорих ялыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хоригдлыг соён гэгээрүүлэх, засан хүмүүжүүлэх асуудал гэх зэрэг бидний байнгын анхаарлын төвд байаг харилцаа, ажиллагааны талаар 1921 оноос хойш батлагдсан хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусгалаа олсон байдаг. Тэдгээр зохицуулалтыг бид нарийвчилж судлаад, давуу тал болж байсан үр дүнтэй зөв заалтаа уламжилж авч үлдээд, алийг нь сайжруулахуу, алийг нь өөрчлөх үү, аль хэсгийг нь дэлхий нийтийн чиг хандлагад уялдуулан шинээр томьёолох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.

– ШШГБ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх, хэрэгцээ шаардлага юу байна вэ? Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил, боловсруулж байгаа хуулийн төсөл бий юу?

– Эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ, шаардлагыг хэрхэн тодорхойлох вэ гэдэгт миний хэлэлцүүлсэн илтгэлийн үндсэн агуулга чиглэгдсэн. Хуулийн засаглалыг хөгжүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мөн үү, мөн. Улс орны хэмжээний томоохон бодлогын үр нөлөөг үзүүлдэг байгууллагын хувьд эрх зүйн шинэтгэлийг байнгын тасралтгүй явуулж байх ёстой. Зарим судлаачид юу гэж үздэг вэ гэвэл “Сайн

хууль гаргавал тэр сайн хууль нь удаан хугацаанд тогтвортой үйлчлэх ёстой” гэж үздэг тал бий. Зарим талаасаа бол тийм. Сайн батлагдсан хууль удаан үйлчлэх ёстой. Үнэхээр сайн хууль бол үзэл баримтлал, нуруугаа зөв хийчихсэн байдаг, үнэн. Гэхдээ хууль бол өөрөө нийгмийн хөгжлийн тусгал байх учиртай. Нийгмийн ухамсар, сэтгэл зүй, иргэдийн эрх зүйн соёлыг тодорхойлогч хүчин зүйл, илрэн гарах хэлбэр хувьсаж, нийгмийн харилцааны хөгжил, технологийн дэвшлүүд нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байгаа цаг үед бид хуулийнхаа шинэтгэлийг байнгын тасралтгүй, тогтмол уян хатан бөгөөд шуурхай байдлаар явуулж байх ёстой. Энэ бол эрх зүйн шинэтгэл хийх хамгийн чухал шаардлага. Жишээлбэл, энэ хуулийг баталчихлаа, энэ бол сайн хууль болчихсон, энэ хуульд хүрч болохгүй гэдэг энэ ойлголтоосоо салах цаг болсон. Тухайн цаг үед ямар шинэ зохицуулалт, хуулийн хүчин чадалтай зохицуулалт шаардлагатай байна гэдгийг хараад түүндээ нийцүүлж хуулиа шинэчилж байх нь эрх зүйн шинэтгэлийн байнгын тасралтгүй шуурхай явж байх шаардлагыг бий болгодог. Ялын бодлого болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиииллагааны бодлогыг уялдуулж эрх зүйн шинэтгэлээ тогтмол хэрэгжүүлэх гэсэн нэн тэргүүний шаардлага бий болоод байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн ялын болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодлоготой уялдан хуулийн зохицуулалт уян хатан явах шаардлагатай байна. Хоёр дахь шаардлага бол олон улсын чиг хандлагыг нэвтрүүлэх. Маш хурдан хугацаанд нийгмийн өөрчлөлтийг хуульчлан мөрдүүлдэг нь эрх зүйн шинэтгэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг чиглэл болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нэг шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд түүнийг Эрүүгийн хуулинд тусгах, уг гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар төрлийн цээрлүүлэх болон нийгэмшүүлэх, нийгмээс тусгаарлаж, эрх зүйн хариуцлагыг нь хүлээлгэх ял шийтгэлийн бодлого байх вэ гэдэг нь дагаад өөрчлөгдөх зүй тогтолтой. Тэгэхээр бид нэг газраа зогсоод байж болохгүй бөгөөд улс орнууд ялын болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодлогоо ямар хэмжээнд явуулж байна вэ гэдгийг ахиж үзэж, судлан харьцуулах шаардлагатай.

Хууль бол амьд харилцааг зохицуулдаг хэм хэмжээ тул хуулийг технологийн шинэчлэлтэй уях асуудал байна. Жишээлбэл, зорчих эрхийг хязгаарлах ялтай холбогдуулаад ямар технологийн дэвшлийг, ямар байдлаар авч хэрэглэх вэ гэдгийг журамд биш хуулинд оруулах шаардлага бий. Цаашилбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим засаглалын үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, бид хуулиндаа ямар байдлаар гарцыг нь нээж өгөх, санхүүжилт, ямар шинэ технологи, ямар шалгуур шаардлага байх вэ гэдгийг тооцон хуулинд тусгах шаардлагатай. Ял эдлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн, эрүү, захиргааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа бүх төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусад байгууллага, олон нийтийн оролцоог яаж хангах вэ гэдэг нь чухал. Тодорхой хэмжээнд хуулийг шинэчлэн батлах болгондоо оруулж өгдөг. Гэхдээ үүнийг илүү нарийвчлах шаардлага байна. Жишээлбэл, прокурорын хяналтыг ямар түвшинд зохион байгуулах юм, иргэний нийгмийн оролцоог хэрхэн зохион байгуулах вэ зэрэг. Цөөнгүй улс оронд хоригдлыг нийгэмшүүлэх, хоригдлыг нийгэмд эргэн гарахад бэлэн болсныг тодорхой хэмжээнд түвшинг нь үнэлэх, хоригдолд хамаарсан бусад засан хүмүүжүүлэх, сайжруулах зэрэг ажил дээр олон нийтийн зөвлөлийг иргэний нийгмийн төлөөллийн оролцоотой байгуулан ажиллуулдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн яаж оролцох вэ, төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага яаж оролцох юм гэхчилэн тодорхой хэмжээнд хуульчлах шаардлагатай зохицуулалтууд бий.

Мөн байгууллагын эрх зүйн байдлын асуудал байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн байдал яг ямар хэлбэрээр тодорхойлогдох вэ гэдгийг бид хуульчилж өгөх нь энэ хуулийг шинэчлэх бас нэг хэрэгцээ шаардлагыг бий болгож байгаа юм. Жишээлбэл, байгууллага ямар бүтэцтэй байх вэ, ямар бүтэц, ямар механизмаар дамжуулж бүх төрлийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх вэ. Маргаантай асуудлууд байдаг. УИХ-аар 2015 онд баталсан Монгол Улсын батланхамгаалах бодлогын үндэс, 2016 онд баталсан Цэргийн албаны болон Батлан хамгаалах тухай хуулиар тодорхойлсон төрийн цэргийн байгуулалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг оруулах, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын жагсаалтад мөн манай салбарыг багтаах зэрэг нэг мөр болгох ёстой, байгууллагын статусыг баталгаажуулах шаардлага байсаар байна. Дээр нь албан хаагчийн эрх зүйн байдал, нмйгмийн хамгаалал, эдийн засгийн баталгаа, байгууллагын бүтэц зохион байгуулалт гээд одоо цаг үетэйгээ уялдсан шинэчлэлийг бид хуулиндаа тусгаж өгөхгүй бол болохгүй. Энэ бол манай хуулийг шинээр боловсруулах бас нэг шаардлагыг бий болгож байгаа юм.

– Энэ чиглэлээр хийгдэж байгаа төсөл, судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

– Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийг батлахын тулд эхлээд заавал үр нөлөө, хэрэгцээ шаардлага, үр дагавар, эдийн засгийн тооцооллыг заавал тандан судлах шаардлага үүсдэг. Энэ шаардлагын хүрээнд ДХИС, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам дээр тус тусдаа олон судалгаа хийдэг. Манай байгууллагын хэмжээнд энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад 2017 оны хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар цуврал практик судалгаануудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит нэгжүүд дээр хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудал юу байна, хийдэл юу байна, давхардал юу байна, бусад хуультай зөрчилдөж буй зохицуулалтыг бид судалж хийж байгаа. Хоёрдугаарт нь, ДХИС дээр мөн ялгаагүй, судалгаа шинжилгээний баг ажиллаж байгаа. Энэ багтайгаа хамтраад бид Шинжлэх ухаан, технологийн сангийн төслөөр гэхэд зөвхөн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны харьцуулсан судалгаа буюу олон улсын жишиг, чиг хандлагыг ямар түвшинд хэрэгжүүлж байна вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд харьцуулан судалсан. Дараачийн хийгдэж байгаа судалгаа гэвэл ДХИС-тай хамтран пробацийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр гадаад улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах ажил явагдаж байна. Мөн 2019 онд алба хаагчийн эрх зүйн байдал, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбогдсон хэрэглээний судалгааг хэрэгжүүлж, эргэлтэд оруулан тодорхой хэмжээнд ашиглаж байна. БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр ШШГБ-ын алба хаагчийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд боловсруулаад дууссан. Ахин үргэлжлүүлж хийхээр санал хүргүүлээд байна. БНСУ-ын хорих байгууллагын эрх зүйн зохицуулалтыг тодорхой хэмжээнд шаталсан хэлбэрээр судалж байгаа. Бусад криминологич, магистр, доктортын сургалтад суралцаж байгаа хүмүүс хамтдаа түвшин, түвшиндээ эрх зүйн шинэчлэлийг хийх судалгаанууд хийж байгаа.

– Ямар хэлбэрээр эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ? Эрх зүйн шинэтгэлийг төгөлдөржүүлэхэд ямар санал, хэлбэрээр хөгжүүлэх вэ?

– Эрх зүйн шинэтгэлийг төгөлдөржүүлэхэд бид ямар хэлбэрээр хийх вэ гэдэг дээр энэ удаагийн эрдэм, шинжилгээний хурлаар судлаачид, тодорхой албан тушаалтнууд санал хуваалцаж, шинэ гарц, шийдлийг хайж, хүн болгон өөрийн гэсэн судалгааны үндэслэлтэй саналуудаа хувааллаа. Миний хувь судлаачийн зүгээс эхний ээлжинд эрх зүйн шинэтгэлийн хамгийн өвөрмөц төрлүүдээс авч ашиглах ёстой. Жишээлбэл, одоогийн байгаа зохицуулалтаар олон төрлийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан нэгдмэл нэг хуулийн загвараар явах уу. Нэг бол тодорхой төрлийн төрөлжсөн хуулиудаар бүрдсэн багц хуулиар үйл ажиллагаагаа зохицуулах уу, үгүй юу гэдэг асуудал бий. Миний хувьд тодорхой төрлийн харилцааг бие даасан хуулиар буюу төрөлжсөн хуулиар зохицуулах нь хамгийн оновчтой хувилбар юмуу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх болон иргэни, захиргааны шийдвэр гүйцэтгэх харилцаа бие даасан хэлбэрээр явагддаг тул төрөлжсөн хуулиар шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг. Энэ тал дээр судлаачид ч санал нэгддэг. Дээр нь байгууллагын эрх зүйн байдал, бүтэц тогтолцоо, алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон алба хаагчийн эрх хэмжээ, чиг үүрэг, албаны үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг ч мөн ялгаагүй бие даасан төрөлжсөн хуулиар шийдэх юм бол зөв үр дагаврыг үүсэх болов уу гэж харж байна. Судлаачид болон ХЗДХЯ, ДХИС болон Шийдвэр гүйцэтгэх алба, Хорих ял эдлүүлэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албадууд санал солилцож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдсон. Бид хамтдаа ярилцаад 2021 оны аравдугаар сар гэхэд хувилбаруудаа нэгтгэнэ. Иймэрхүү хэлбэрээр ямарч байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх үү, бие даасан төрөлжсөн хуулиудад хуваах уу гэдэг дээр тогтоод тэрийгээ батлуулах хэлбэрээр явна. Мөн журам, зааварт тусгасан байгаа холбогдох стандарт, өмнөх хугацаанд батлагдсан аль харилцааг нь хууль руу оруулах уу, аль харилцааг нь эрх зүйн дэд актуудынхаа үйлчлэлийн хэм, хэмжээнд үлдээх вэ гэдгээ давхар харна. Энэ бол манай эрх зүйн шинэтгэлийн үндсэн гол хэлбэрүүдийн үндсэн чиглэл байх болов уу гэж бодож байна.

– Эрх зүйн шинэтгэлийг бий болгосноор гарах үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

– Нэгтгэн найруулах гэж хууль зүйн техник бий. Жишээлбэл, албадан эмчилгээний газрын үйл ажиллагаа бие даасан хуультай. Цагдан хорих үйл ажиллагаа бие даасан хуультай. Би бодохдоо эдгээр төрөлжсөн хуулиудыг нэгтгээд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр нэгтгэсэн төрөлжсөн хууль гаргавал хамгийн нэгдүгээрт үүсэх үр дагавар юу вэ гэхээр хуулийн давхардал багасна. Хуулийн давхардал арилна гэдэг бол хий хоосон амьгүй хуулийн заалт байхгүй болно гэсэн үг. Хуулийн давхардал байхгүй бол зөрчил, хийдэл байхгүй болно гэсэн үг. Цагдан хорих үйл ажиллагаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж байгаа эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ бөгөөд хорих ангитай адил нөхцөл, дэглэмд хүнийг цагдан хорьж байна. Эрх зүйн зохицуулалтын хувьд Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх хуультай нэгтгэхэд ноцтой гажуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна. Гэх мэтчилэн хуулийн төгөлдөршил яваад ирэхээр ямарч байсан давхардал, хийдэл арилах ёстой. Дээр нь бидний хамгийн их яригддаг шүүхийн шийдвэрийн биелэлт нэг мөр, гарцаагүй байх энэ зарчмыг хангах томоохон боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бол яг хуультай адилхан хэлбэрэлтгүй хэрэгжиж байх ёстой. Түүнээс биш шүүхийн шийдвэрийг гарсны дараа хэрэгжүүлэх үү, яах уу гэх ойлголт байх ёсгүй. Бүрэн дүүрэн, 100 хувь, гарцаагүй нэг мөр хэрэгжиж байх хуулийн үндсэн зарчим бий. Үүнийг хангах том боломж бүрдэнэ. Хууль нь зөв болоод төрөлжиж батлагдаад давхардал, хийдэл, зөрчилдөөн нь багасаад амьдралтайгаа уялдаад ирэхээр бидний хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжих томоохон эрх зүйн нөхцөл суурь тавигдана гэсэн үг. Байгууллагын үйл ажиллагааны чадавх сайжирна, тэр хэмжээгээрээ Монгол Улсын хэмжээнд хуулийг дээдлэх, хүний эрхийг хамгаалах, эрх зүйт төрийг хөгжүүлэхэд нөлөөгөө үзүүлнэ. Хуулийн шинэчлэл бол томоохон суурь үр дүнд чиглэж байж амжилттай хэрэгжинэ гэж үздэг. Түүнчлэн хуулийн хэрэглээ хялбар бөгөөд ойлгомжтой болно. Энэ нь хуулийн шинэтгэлийн чухал үр дүнгүүдийн нэг юм. Энэ удаагийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээний хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан чухал хурал арга хэмжээний нэг болж өнгөрч байна. Хурлаар тодорхой хэмжээний зөвлөмж, санал дүгнэлтүүд гарсан бөгөөд эдгээрийг ХЗДХЯ болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлж, тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллана.. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч бүр нэг талаас хуулийн байгууллагад, нөгөө талаас төрийн маш онцлог чиг үүргийг хэрэгжүүлдэг салбарт хүчин зүтгэж байгаагийн хувьд хуулийн шинэчлэлийг хийхэд гар бие оролцох байх гэж бодож байна. Түүнчлэн эрүү, иргэн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, ялын бодлогын шинэчлэл ба нийгмийн хөгжлийн харилцан хамаарлын талаар сонирхон судлагч хүн бүртэй бид хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ дашрамд илэрхийлье.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж