Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн авто замын зорчих хэсэгт “Волва” маркын том оврын ачааны машин шатжээ. Тус машинд нийт 26 тонн карго ачаа байсан аж. Дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар өчигдөр /2021.5.31/ 22.05 цагт хүлээж авч нийт хоёр цаг гаруй хугацаанд унтраасан байна.
Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэний том оврын машин шатсан хэргийн дуудлага өчигдөр шөнө 22 цагийн үед ирсэн. Аврах 33 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиж, хоёр цаг 30 минут ажиллаж галыг унтраасан. Шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна гэсэн юм.
Ачааны машин шатаж байгаа дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын гал түймэр унтраах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулж 22.14 цагт очсон байна. Одоогоор машин юунаас болж галд өртөх болсон нь тодорхойгүй байгаа аж.
Холбоотой мэдээ