АНУ-ын тагнуулын байгууллага Дани улсын тусгай албадын тусламжтайгаар 2012-2014 оны хооронд Европын орнуудын удирдагчдын утасны яриа, мессэжийг авч байсан гэх мэдээллийг өчигдөр /2021.05.30/ Данийн “Danmarks Radio” суваг цацжээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, Германы канцлерь Ангела Меркель болон Франц, Швед, Норвегийн төрийн өндөр албан тушаалтнууд АНУ-ын тагнуулын ажиллагааны бай болж байсан гэв.
Тодруулбал, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA (National Security Agency)-ын захиалгаар Данийн тагнуулын байгууллага FE (The Defence Intelligent Service) тус улсаар дамждаг холбооны шугамнаас Европын удирдагчдын утасны яриа, тэкст мессэжийг шүүж, цуглуулж өгдөг байжээ. Энэхүү мэдээллийг Данийн тагнуулын албаны нууц мэдээлэлд ханддаг байсан есөн эх сурвалж баталсан байна.
Үүнээс өмнө 2013 онд үүнтэй адил мэдээлэл цацагдахад АНУ-ын зүгээс үгүйсгэж байгаагүй аж. АНУ Европын холбоотнуудаа тагнаж, чагнадаг тухай АНУ-ын тагнуулын байгууллагын ажилтан асан Эдвард Сноуден анх олон нийтэд мэдээлж байсан билээ.
Дараа нь АНУ түүнийг засгийн газрын өмчийг хулгайлсан, үндэсний батлан хамгаалахын мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, Сноден ОХУ руу дүрвэж байсан юм.
Эдвард Сноуден энэ удаа ч мөн дуугүй өнгөрсөнгүй, өөрийн твиттертээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг өмнөх дуулианд гүнзгий холбогдож байсан хүний хувьд Европт айлчлахдаа тайлбар хийх бэлтгэлтэй байхыг сануулан жиргэжээ. Жо Байден 2013 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ