Европын холбоо өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг танилцуулсан байна. Европын холбооны гишүүн 27 улсын Элчин сайд нар гадаадаас жуулчин хүлээн авах журмыг баталжээ.
Дээрх журмын дагуу Европын холбоо зөвхөн “Covid-19” халдварын тархалт багатай, вирусийн мутацилагдсан хувилбарууд бүртгэгдээгүй орноос зорчин ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хүлээн авахаар болсон байна. Энэ журмын дагуу АНУ-ын иргэд Европын холбооны улс руу одоогоор нэвтрэх боломжгүй болж байгаа юм.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ЕХ-ны гишүүн 27 улсад зөвхөн Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан гэв.
Өөрөөр хэлбэл энэ нь Орос болон Хятад вакцинд хамрагдсан иргэд одоогоор Европын холбооны орнуудад зорчих боломжгүй гэсэн үг юм. Европын холбоо одоогийн байдлаар АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Европын эмийн агентлаг одоогоор ОХУ-ын “Sputnik-V”, БНХАУ-ын “SinoVac”, АНУ-ын “Novavax” болон Германы “CureVac” вакцинд зөвшөөрөл олгохоор, судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
Харин Хятадын “Sinopharm” компани өөрсдийн бүтээсэн вакциндаа Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах ажил эхлүүлээгүй байгаа аж. Монгол Улсын хувьд иргэдийн дийлэнх нь “Sinopharm”-ийн вакцинд хамрагдсан билээ. Иймд “Sinopharm”-ийн вакцин тариулсан Монголчууд Европын холбооны орнуудад ойрын хугацаанд зорчих эсэх асуудал эргэлзээтэй болж байна. Хятадын "Sinopharm" компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм. Харин ОХУ-ын "Sputnik V" вакциныг дэлхийн 60 орчим улс бүртгэн зөвшөөрөл олгожээ.
Гэхдээ Европын холбоо халдварын тархалт багатай орнуудаас зорчин ирэх жуулчдад вакцинд зайлшгүй хамрагдсан байх шаардлагыг тавихгүй байхаар хэлэлцэж байгаа гэв.
Тухайлбал, тус холбоо одоогоор халдварын тархалт хамгийн бага орнууд болох Австрали, Шинэ Зеланд, Израил, Руанда, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгос болон БНХАУ-аас зорчин ирсэн иргэдийг тодорхой шаардлагын хүрээнд чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрөөд байна.
Түүнчлэн халдварын аюулгүй бүсэд тооцогдох орнуудын жагсаалтыг ойрын хугацаанд өргөжүүлэхээ мэдэгджээ.
Энэхүү жагсаалтыг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагын зөвлөмжөөр чиглүүлэх бөгөөд халдварын аюулгүй бүсийг тодорхойлохдоо тухайн улсад сүүлийн 14 хоногт өдөрт дунджаар 100 мянган хүн ам тутамд Covid-19-ийн халдварын 25-аас илүүгүй тохиолдол бүртгэгдсэн байх, нийт шинжилгээнээс илрэх эерэг сорьцын хувь болон вирусийн мутацилагдсан хувилбарын тархалт бүртгэгдээгүй байх гэх гол шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа аж.
Мөн 72 цагийн дотор ПСР шинжилгээний сөрөг хариу гарсан бол вакцин хийлгэсэн эцэг эхийн хамт хүүхдүүдийг заавал вакцин хийлгэхийг шаардалгүй хил нэвтрүүлэх юм байна. ОХУ дэлхийн хамгийн анхны Covid-19 эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сарын 11-нд зарласан. Туршилт нь дуусаагүй байхад анхдагч орон болох гэж ийн эрт зарлалаа хэмээн олон нийт үзэж байлаа. Учир нь вакцин гурван үе шатыг давах ёстой. Эхний шатанд цөөн тооны хүнийг хамруулан вакцины аюулгүй байдал, вирусын эсрэг үзүүлэх нөлөө болон хэдэн тунг тарих шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Дараагийн шатанд туршилтад хамрагдах хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдэн мянган хүнийг хамруулан вакцины үр нөлөө, хариу урвалын судалгааг хийдэг. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 31-нд 97.6 хувийн үр дүн үзүүлснийг зарласан “Sputnik-V” вакциныг Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Солонгос тэргүүтэй 60 гаруй оронд нэг тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Харин Хятадын “Sinopharm”-ийн вакцины хувьд ДЭМБ тавдугаар сарын эхээр зөвшөөрөл олгож, аюулгүй, найдвартай гэдгийг нь баталсан. Одоогоор Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байгаа. Энэтхэг улсад халдварын тархалт огцом нэмэгдэж, вакцины экспортоо зогсоосны дараа Хятадын вакцины эрэлт улам нэмэгдсэн. Хятадын "Sinopharm" компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм.
Эх сурвалж: The Washington Post
Холбоотой мэдээ