Цар тахлын дараах эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Цар тахлын дараах эдийн засаг

Цар тахлын дараах эдийн засаг

Covid-19-ийн улмаас өнгөрсөн 2020 онд Монгол Улсад 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал бий болсон. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, өнгөрсөн онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5.3 хувиар агшсан муу үзүүлэлттэй гарав. Үүний зэрэгцээ 2020 онд Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байв.

Хатуу хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь тэг зогсож, Монгол Улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь өөрт буй боломжоо бүрэн шавхсан ч эргэлтийн хөрөнгөгүй болж, бараг бүгд банкны зээлтэй тул үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд хүрсэн билээ.

Маш энгийн тооцооллоор дампуурсан 30-аад мянган компанийн цаана хамгийн багадаа 250-иас 400-аад мянган хүн ажилгүй, орлогогүй болов. 2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж (160 мянган даатгуулагч), нийгмийн даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэйг зарласан юм.

Цар тахал хувь хүний болон нийгмийн харилцаа хэчнээн эмзэг болохыг мэдрүүлсэн. Тогтмол орлоготой, хөл дээрээ тогтсон байгууллага, өрхийн хувьд цар тахлаас сэргийлэх хөл хорио нь гэр бүлдээ зарцуулах цагийг урьд байгаагүйгээр олгосон. Цаашлаад дотоод нөөц боломжоо нээж илрүүлэх, хөгжих, бизнесийн санааны хувьд дараагийн шатанд өөрсдийгөө бэлтгэх боломж гэдгийг харуулав. Харин үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бизнес нь хязгаарлагдмал байгууллагын хувьд бизнесийн чиглэлээ өөрчлөх сонголттой нүүр тулсан билээ.

Цар тахал амьдралд хандах хандлага өөрчлөгдөөд зогсохгүй хувь хүний болон нийгмийн хангамжийн асуудалд илүү анхаарах, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэх нь чухлыг ойлгуулав. Төрийн байгууллагууд дараа дараагийн цар тахлын үед онц хэрэгцээт хэрэгслийн дутагдалтай байхгүйн тулд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг мэдрүүлсэн гээд тоочвол олон зүйл дээр ухаарал, сургамж үлдээсэн.

Цар тахлын дараа улс орны эдийн засгийн байдал ямар байх вэ гэдэг асуудал чухал. Дэлхийн банк Монгол Улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 6.8 хувиар, 2022 онд 7.2 хувиар тус тус тэлнэ гэж таамагласан. Харин Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө гэж таамаглаад буй юм.

Манай урд хөрш Хятад улсын эдийн засаг бодитоор сэргэж, дотоодын эдийн засгаа тэлэхэд маш их анхаарч буй. Харамсалтай нь, бид энэ боломжийг ашиглаж, экспортоо нэмэгдүүлж чадахгүй хугацаа алдсаар байгааг эдийн засагчид шүүмжилж байна.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн эсрэг 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй ч цаг нартай уралддаг бизнесийнхэнд наад зах нь 3 хувийн зээл авахад өндөр шалгуур нь тушаа болж буйг аж нэгж эрхлэгчдийн төлөөллүүд хэлж буй юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг сайн хэрэгжүүлж чадвал маш үр дүнтэй. Хэрэгжүүлээгүй тохиолдолд 2021 онд эдийн засгийн өсөлт 2.8 хувь, 50 хувь хэрэгжүүлэхэд 5.8 хувь, бүрэн хэрэгжүүлж чадвал 8.8 хувьд хүрэхээр байна. Эдийн засаг 2020 оны нэгдүгээр хагаст 9.7 хувь агшсан бол хоёрдугаар хагаст сэргэж, жилийн дүнгээр 5.3 хувь гарлаа. Иймд цар тахлын нөхцөл байдал гайгүй байвал эдийн засаг идэвхжих төлөвтэй байна” хэмээн хэлсэн билээ.

Эдийн засгийг тэлэхийн тулд экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан яам байгуулах, Мэргэжлийн холбоодод суурилсан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зөв хөгжүүлэх хэрэгтэй. Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж, дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх, мөн НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, Covid-19-ийн улмаас үүссэн эдийн засгийн хямралын дараах гарааны тэгш боломжийг олгох нь чухал. Улмаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийх, хувьчлах болон зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох зэргээр саад болж байгаа олон асуудлуудад цэг тавих шаардлагатайг эдийн засагчид онцгойлон анхааруулж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэх 100+ төслийг хэрэгжүүлэхэд компаниуд нэгдэх бүрэн боломжтойг шинжээчид хэлж буй юм.

Цар тахлын хямрал цахим харилцаа холбооны хөгжлийг идэвхжүүлэхэд гол түлхэц болсон. Иймд цахим шилжилт нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн мөчлөгт шинэчлэл хийх чухал талбаруудын нэг байх юм. Халдварын дэгдэлтийг хумихын тулд хамгийн түрүүнд цахимд шилжсэн нь боловсролын салбар. Тиймээс тус салбарт хамгийн түрүүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Монгол Улсад төрийн үйлчилгээ, төрийн албаны шинэчлэлийн үйл явцыг сайжруулахад цахимжилт, дижитал шилжилтийг зайлшгүй хийх хэрэгтэйг технологийн салбарынхан өгүүлж байна.

Азийн хөгжлийн банк институцийн хөгжил, цахим чадавхыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих үүднээс мэдлэгийн болон бусад дэмжлэг тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хамтарсан “Монгол Улсын эдийн засгийн тойм: Тусламж дэмжлэгээс сэргэлт өөд” судалгаанд манай улсын банкны салбарын нийт олгосон зээлийн 20 орчим хувь нь цар тахлын нөлөөнд өртсөнийг онцолжээ. Үүний 46 хувийг уул уурхай, 38 хувийг барилга, 35 хувийг худалдаа, 26 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж буйг дурдсан байна.

Үүнээс үүдэн Монгол Улсад үнэтэй байр талбай түрээслэх гэхээс илүү өөрийн хашаа байшинд, гэртээ ойр байдлаар ажил амьдралаа төвхнүүлэх явдал өсөх хандлага гарч магадгүй аж.

Хэдийгээр цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж, зочид буудал, тээврийн салбарт эергээр нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа ч энэ хоёр салбарт урт хугацааны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлт гарах шинжтэй байгаа юм.

Цар тахлыг даван туулахад хэр хугацаа зарцуулах, бидэнд дахин ямар сургамж үлдээх, ямар шинэ боломж нээхийг бүрэн таамаглах боломжгүй хэвээр байна. Гэвч дэлхий нийт цар тахлыг хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, шинжлэх ухааны хүчээр даван туулж, шинэ амьдралын хэв маягт шилжих нь гарцаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж