Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. Тэд тавдугаар сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сурталчилгааны ажлаа эхлүүлсэн. Иргэд шинээр сонгогдох Ерөнхийлөгчөөс та юу хүсч байна вэ? Энэ асуултад тэд юу гэж хариулав. Иргэдийн хариултыг харахад сонгогчид Ерөнхийлөгчийн эрх үүргийн талаарх ойлголт муутай байна. Монголын сонгогчдын дийлэнх нь Ерөнхийлөгчийг бодлого боловсруулдаг, хууль баталдаг гэсэн ташаа ойлголттой явдаг нь ч иргэдийн хариултаас анзаарагдсан юм. Мөн иргэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг хүсч байгаагаа хэлсэн юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ НЬ ИРГЭД БОЛОН ААН-ҮҮДЭД БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛНО
Иргэн Б.Отгонпүрэв: Шинэ Ерөнхийлөгчөөс боловсролын системийг сайжруулаасай гэж хүсч байна. Их дээд сургуульд 130 кредит үзээд төгсөхөд бусад гадны улс орны харьцуулахад кредит нь дүйцдэггүй. Тиймээс боловсрол болон шинжлэх ухааны салбарт анхааах залуучуудад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийг улсаас дэмжиж өгмөөр байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүү арилжааны банкуудад 20-25 хувь байдаг. Тус зээлийн хүүг нь багасгахгүй бол ирээдүйд татвараа төлж улс орны эдийн засгийг тодорхойлох салбар уналтад орох эрсдэлтэй. Миний анзаарснаар Монгол Улсын зээлийн хүү бусад улс орнуудтай харьцуулахад их өндөр. Хөгжлийнхөө түвшингээр авч үзэхэд ч тэр хөгжингүй улс орнуудын зээлийн хүү бага байдаг. Монгол Улс шиг хөгжиж буй орнуудад зээлийн хүү өндөр байх нь ард иргэдийн амьдралд дарамт болдог. Өнөөгийн нөхцөлд зээлгүй хүн гэж ховор. Ерөнхийдөө ирээдүйгээ хадгаламжаар санхүүжүүлнэ гэсэн ойлголт энэ нийгэмд үнэхээр боломжгүй байна. Хадгаламжийн хүү бага, хуримтлал үүсгэх боломжгүй. Өнөө маргаашаа аргацааж байгаа хүмүүс зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа нь ядууралтай шууд холбоотой. Тиймээс зээлийн хүүг бууруулах нь иргэд болон компаниудад бодит дэмжлэг болно. Иргэн баян бол улс баян гэдэг. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг үзмээр байна.
ӨНӨӨДРИЙН ЭНЭ НИЙГМИЙГ УЛАМ САЙХАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Иргэн Ц.Нармандах: Ямар ч нам сонгогдсон адилхан байх гэж бодоод итгэл алдарсан. Гэхдээ энэ удаа миний хувьд шинэ Ерөнхийлөгчөөс залуучуудын ирээдүй рүү хандсан зүйл хийгээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн энэ нийгмийг улам сайхан болгох нь Ерөнхийлөгчийн үүрэг. Ард иргэдээ ядуурлаас гаргаж, ард түмнээ бодох цаг нь болсон. Хамгийн гол нь цар тахлын улмаас ажилгүй болсон иргэдийг ажлын байраар дэмжих нь маш чухал. Иргэд ажилгүй гэртээ суусаар эдийн засаг тэг зогсолт хийгээд байдал хүндхэн байна. Ширээний ард суучхаад Ерөнхийлөгч гэж яваад яах юм. Монголын ард түмэн ялангуяа ирээдүйн залуучуудад ээлтэй орчныг бүрдүүлэх нь зөв. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох байх. Би өөрөө 50 нас дөхөж явна. Сонгуульдаа ч идэвхтэй оролцсоор ирсэн. Залуучуудад уриалж хэлэхэд сонгуульд оролцож байж л улс нийгмээ хөгжүүлнэ шүү.
БАЯЛАГ БОЛ ДУУСНА. МЭДЛЭГ БОЛ ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ
Иргэн Х.Хэрлэнтуяа: Энэ жил би анх удаагаа сонгууль өгнө. Залуу хүний хувьд шинэ Ерөнхийлөгчөөс боловсролын салбарт гадны улс руу чиглэсэн олон төсөл арга хэмжээг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Мөн халамж нэрийдлээр бэлэн мөнгө тараах биш аль болох хотын өнгө үзэмжид анхаараасай. Эдийн засгийн хүндхэн байдлаас болоод гадаадад тэтгэлгээр сурах хэмжээний мэдлэгтэй хүүхдүүд явж чадахгүй байна. Урдуур нь мөнгө өгөөд орчихдог тохиолдлууд байдаг болохоор авлига хээл хахуулийг биш хувь хүний хүсэл зоригийг үнэлдэг шударга ёс тогтоосой гэж үнэхээр найдаж байна. Залуус боловсролтой байж улс хөгжинө. Баялаг бол дуусна. Мэдлэг бол хэзээ ч дуусахгүй.
ТҮГЖРЭЛ ШИЙДЭГДЭХ ЮМ БОЛ НИЙГМИЙН СТРЕСС Ч БАГАСНА
Иргэн Б.Билгүүн: Түгжрэлийн асуудал их олон жил яригдлаа. Үе үеийн хотын дарга нар нь шийдэж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Миний хувьд машинтай боловч алхахыг илүүд үздэг болсон. Замын түгжрэл дээрээс нь машины зогсоол олддоггүй зэрэг нь нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг. Хотын буруу төлөвлөлтийн үр дүн нь өнөөдрийн энэ байдал юм уу даа. Нийслэлийн иргэд дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэх судалгаа бий. Түгжрэл нь эдийн засагтай бас холбогдож байна. Саяхан мэдээгээр үзэхэд “Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөгийг шатахууны зардал болон нөөцийн үр ашиггүй хуваарилалт, цагийн зарцуулалт зэргээр тооцож гаргахад 2020 онд алдагдлын хэмжээ 2.7 их наяд орчим буюу ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээжээ.Өнгөрсөн арван жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөг буюу 4.1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн гэсэн үг. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьд буюу 24.3 их наяд төгрөг 8.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна” гэсэн. Тиймээс нэн яаралтай түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой л гэж харж байна. Түгжрэл шийдэгдэх юм бол нийгмийн стресс ч багасна. Харин залуусын хувьд сонголтоо хийхдээ олонхоо дагаад битгий туйлшраасай гэж хүсч байна. Эхлээд гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар унших хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр бүгд попроод эхэлдэг. Тиймээс анх УИХ-д гарахдаа иргэдэд өгсөн амлалтаа биелүүлсэн эсэхийг шалгахад гэмгүй. Миний анзаарснаар залуучууд худалдагдах тал руугаа их яваад байх шиг ээ. Сонгууль дөхөөд ирэхээр олны танил хүмүүсийн пост, хандлага нь хүртэл өөр болоод эхэлдэг.
АЖИЛГҮЙДЛИЙГ БАГАСГААСАЙ
Иргэн П.Эрдэнэбаатар: Монголын ард түмэн ядуу байна. Тиймээс үйлдвэр байгуулж, ажилгүйдлийг багасгаасай гэж хүсч байна. Гурван нэр дэвшигч их олон зүйлсийг амалж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь иргэдийг ажлын байртай болгох юм. Би Монгол Улсын иргэн учраас заавал саналаа өгнө. Залуучуудад хандаж хэлэхэд сонгуульд идэвхтэй оролцоосой гэж хүсдэг. Өнөөгийн залуусаас Монголын ирээдүй шалтгаална шүү дээ.
ЗАЛУУС УЛС ТӨРӨӨС ЗУГТАХ БИШ ХАРИН Ч ШУДАРГА БУСЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН
Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ үед улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгогчид, тэдний идэвхтэй оролцооны талаар анхаарлаа төдийлөн хандуулахгүй байна. Ялангуяа сонгуулийн ирц бүрдэх, сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох талаар уриалга гаргаж байгаа нь тун цөөхөн харагдана. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэсэн үг. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт аж.
18-25 хүртэлх насны залуус нийт сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч бөгөөд өөрөөр хэлбэл залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж байгаа юм. Харин 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг 2020 онд тэглүүлж чадсан гэж хардах хүмүүс ч бий.
“Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа "Сонгуульд хэн саналаа өгч буйгаас хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг. Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. 2016 оны судалгаагаар сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээх нам, улстөрч байсангүй, 16 хувь нь сонгуульд саналаа өгөх үйл явц төвөгтэй, 15 орчим хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулсан. 18-25 насны залуусаас улс төрийг маш их сонирхдог зургаан хувь, сонирхдог 18,7 хувь байна. Энэ нь залуучуудын санал, оролцоогүйгээр парламент бүрдэх боломжийг олгож байна. Залуус нам, улс төрийг шударга бус, хариуцлагагүй байна гэж зугтааж ангид, хол байх биш харин энэ шударга бусыг өөрчлөх цаг болсон” гэжээ.
УЛС ТӨРИЙН НАМУУД ХАЛАМЖИЙН БОДЛОГООРОО ХООРОНДОО ГОЛЧЛОН ӨРСӨЛДДӨГ
Сонгуульд оролцох залуучуудын идэвх сул байгаа талаар улс төр судлаач С.Болдсайхан тайлбарлахдаа “Сонгуульд идэвхтэй оролцдог иргэд юу хүсч буйг, тэдэнд ямар тулгамдсан асуудлууд байгааг олж мэдэх, улмаар тэдэнд таалагдах амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулж хоорондоо өрсөлддөг. Иймээс ямар төрлийн сонгогчид идэвхтэй саналаа өгч байна яг тийм л төр бий болдог. Ахмадууд идэвхтэй саналаа өгдөг учраас улс төрийн намууд халамжийн бодлогоороо хоорондоо голчлон өрсөлддөг. Харин залуус санал өгдөггүй учраас тэдэнд тулгамдсан асуудлууд буюу ажлын байр бий болгох, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажилд тун хойрго ханддаг. Тэгэхээр залуус улс төрд идэвхтэй оролцож, адаглаад саналаа өгч байж бидэнд тулгамдаад буй нийтлэг асуудлууд шийдвэрлэгдэж эхэлнэ” гэлээ.
Холбоотой мэдээ