Зургадугаар сарын 9-ны өдөр монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Товчхондоо, Монголын Улсын төрийн тэргүүнээр зургаан жил ажиллах зургаа дахь Ерөнхийлөгч ирэх долоо хоногийн Лхагва гаригт тодорно гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагдах болов уу гэсэн таамаглалыг улстөрчдийн зүгээс хэлж байна. Сонгуулийн гол сурталчилгаа цахимд өрнөж байна. Ёстой жинхэнээсээ “аядуу зөөлөн” сонгууль болж байх шиг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авахаар тусгасан. Өмнөх буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад суугаа монголчууд саналаа өгөөгүй юм.
Энэ удаад гадаадад амьдарч байгаа монголчууд Төрийн тэргүүнээ сонгож улс төрийн эрхээ эдлэх, иргэний үүргээ биелүүлэх боломжтой болсон.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2021 оны тавдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд авч байна. Сонгогчдын өгсөн битүүмжилсэн саналын хуудсыг салбар комисс битүүмжилж, дипломат шуудангаар Сонгуулийн ерөнхий хороонд явуулах аж. СЕХ битүүмжилсэн саналыг зургадугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хадгална. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад санал авах ажиллагаа дууссанаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр тоолох ажиллагааг зохион байгуулах аж.
Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд ажиллаж амьдардаг. Тэд Монголын төр засгийн бодлогыг хилийн чанадаас шүүмжлэлтэй хандах нь бий. Гадаадад 200 мянга орчим хүн ажиллаж амьдарч байгаа гэсэн албан бус судалгаа байдаг. Харамсалтай нь, тэдний 10 хувь хүрэхгүй нь иргэний эрх, үүргээ эдлэж байна. Өөрөөр хэлбэл найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Хамгийн олон монгол ажиллаж, амьдардаг гэх БНСУ-аас ердөө 1000 гаруйхан хүн л улс төрийн эрхээ эдлэхээр Элчин сайдын яаманд хандсан байна. Японы Токио хот дахь ёалбар комисст зуу хүрэхгүй хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Өчигдрийн байдлаар
- Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст – 495 сонгогч (64.5 хувь)
- Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь Салбар комисст – 22 сонгогч (27.8 хувь)
- ХБНГУ-ын Берлин хот дахь Салбар комисст – 35 сонгогч (8.5 хувь)
- БНКиргиз Улсын Бишкек хот дахь Салбар комисст – 10 сонгогч (45.5 хувь)
- БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст – 68 сонгогч (81 хувь)
- БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
- БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
- Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
- ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
- Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
- БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
- БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
- БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
- БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
- БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
- Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
- БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
- Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
- БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
- Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
- БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
- Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
- БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
- ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)
- ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)
- БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)
- БНХАУ-ын ЗЗОБ Хонг Конг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)
- БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
- БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
- БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
- БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) саналаа өгчээ.
Уг нь гадаадад байгаа монголчуудын саналыг заавал биечлэн гэхгүйгээр цахимаар, факсаар авч байгаа. Ядаж л 50 хувь нь сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байж л Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт авчирна.
Хилийн чанадаас улсаа муулах амархан. Харин улс оронд өөрчлөлт, шинэчлэлт авчрахын тулд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг. Иргэний үүргээ хэрэгжүүлэхгүй байж дараа нь эрхээ нэхэж, “шүлсээ” үсэргэх бүр хэрэггүй. Таны өмнөөс хэн нэгэн таны хүсээгүй сонголтыг хийнэ гэсэн үг. Хүссэн үр дүнд хүрэхгүй ч гэсэн сонгуульдаа идэвхтэй оролцож байж ардчилсан сонгуулиа хамгаалж чадна. Түнэр харанхуйг холоос зүхэж суухаар нэг удаа ч гэсэн лаа асаах хэрэгтэй. Шүүмжлэх, муулах, улс орноо гоочлох амархан. Гэхдээ хошуугаа хөдөлгөхөөс гадна хуруугаа ч хөдөлгөж байж л иргэдийн оролцоогоо эрх баригчдад мэдрүүлэх учиртай.
Энэ удаагийн сонгуульд зөвхөн АН, МАН, ХҮН гурав өрсөлдөж буй юм биш. Ардчилал орших уу, эс орших уу гэдгийг шийдэх хамгийн хариуцлагатай, хамгийн сүүлчийн ардчилсан сонгуульч байж мэднэ.
Иргэдийн зүгээс сонголтгүй сонгууль болж байна гэцгээж байгаа. Сонголтгүй сонгуулийг сонголттой болгох нь гадаадад дотоод гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг. Сонгуульдаа оролцохгүй байж хилийн чанадаас хэрэлдэх хэрэггүй!
Б.БАТ
Холбоотой мэдээ