Флорида мужийн Сент Петерсбург хотын панк хамтлагуудын тоглолт зохион байгуулагч нар вакцин тариулаагүй хүмүүст тасалбар зарахдаа вакцин тариулсан хүмүүсийн тасалбарын үнээс 55 дахин өндөр үнэ санал болгож байна. Тоглолтод Teenage Bottlerocket, makewar, Rutterkin тэргүүтэй хамтлагууд оролцох бөгөөд тасалбарын үнэ вакцин тариулаагүй хүмүүсийн хувьд 999.99 ам.доллар бол вакцин тариулсан хүмүүст дээрх үнээс 98.2 хувийн хөнгөлөлттэй буюу 18 ам.доллар гэнэ.
Тоглолт зохион байгуулагчид “Тоглолт үзэхээр ирэхдээ вакциныхаа гэрчилгээг авчрах шаардлагатай. Хэрвээ та тоглолтын тасалбар 18 ам.доллароор авсан ч гэрчилгээгээ авчраагүй бол үлдсэн 981.99 ам.долларыг төлөхөөс нааш оруулахгүй” хэмээн анхааруулжээ. Харин энэ шийдвэрийг зарим хүмүүс хэтэрхий шударга бус хэмээн шүүмжилж, вакцин тариулж амжаагүй болон боломжгүй хүмүүс зөндөө байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэгсэн ч зохион байгуулагч нар шийдвэрээ өөрчлөлгүй “Вакцин тариулаагүй хүмүүс нийлээд хандив цуглуулж тасалбараа авж болно” хэмээн ёжилсон гэнэ.
Түүнээс гадна Флорида мужид аливаа үйлчилгээний газар иргэдийн вакцины гэрчилгээнээс шалтгаалан үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хуулиар хориглосон гэдгийг зарим хүмүүс сануулсан ч тоглолт зохион байгуулагчид “Бид вакцин тариулаагүй хүмүүст үйлчилгээ үзүүлэхээс татгалзаагүй. Тэдэнд тасалбарыг үндсэн буюу 999.99 ам.долларын үнээр борлуулж, харин вакцин хийлгэсэн хүмүүст хөнгөлөлт үзүүлж байна” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ