News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд үндсэндээ талдаа оров. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчид энэ хугацаанд 21 аймаг иргэд, сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах үүрэгтэй. Тиймээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар богино хугацаанд орон нутгийн сонгогчидтой уулзахын тулд зарим өдөр 2-3 аймгийн сонгогчидтой уулзаж, шуурхайлан сурталчилгаагаа хийж явна.
МАХН ТАТАН БУУГДАВ
Улс төрийн ууган хүчин МАН-аас салан тусгаарлаж, өдий хүртэл нэгхэн даргатай явсан МАХН албан ёсоор татан буугдав. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас /МАХН/ Монгол Ардын намтай /МАН/ нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцсэн юм. Улмаар тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 100 жилийн ойн босгон дээр, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн МАН-тай нэгдэж, хадаг барих зөвшилцлөө багагүй хугацаанд хийсэн. МАН, МАХН нэгдэхдээ 70/30 гэсэн харьцаатайгаар цаашид хамтарна гэдэг шийдвэр гаргасан ч өнөөдөр хэрэгжиж эсвэл баталгаажсан нэг ч шийдвэр алга. Ганц баталгаажсан нь албан ёсоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй МАХН гэдэг намыг татан буулгав. Н.Энхбаярын хүүгээ УИХ-ын гишүүн болгох хүсэл биелэх үү эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа асуудал өөр тийшээ эргэх үү гээд олон эргэлзээтэй асуудал бий. МАН, МАХН жинхнээсээ нэгдэв үү эсвэл гэдэг асуултын хариу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тодорхой болох биз ээ.
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД PFIZER ВАКЦИН ХИЙЖ ЭХЛЭВ
Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.
Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой. Улсын хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны 19.00 цагийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамралт 89, давтан тунгийн хамралт 46 хувь байна. Нийслэлд нэгдүгээр тунгийн хамралт 99, давтан тунгийн хамралт 69 хувьд хүрчээ. Орон нутагт нэгдүгээр тунгийн хамралт 81, давтан тунгийн хамралт 26 хувьтай байна.
Сануулахад, Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авчээ.
МИАТ-ЫН ТАНХАЙ ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ХЭРЭГ НЬ ШАЛГАГДАЖ ЭХЛЭВ
"МИАТ" ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулж буй. Цагдаагийн ерөнхий газраас бичлэг цацагдсан даруйд хэрэг нээж, хэрэг үйлдсэн С.Батсүх болон тухайн бичлэгт гарч буй ажилтныг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Эх сурвалжуудын хэлж буйгаар С.Батсүхэд зодуулсан ажилтны тоо нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байгаа ч Цагдаагийн ерөнхий газраас хэргийг шалгах явцад тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн гэдгийг онцолсон юм.
2 САЯ ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, СААТУУЛАВ
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал,тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлджээ. Улмаар шалгалтын явцад 34 настай З гэгч нэмэгдсэн бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр эдгээр залуусыг баривчилсан гэх мэдээлэл явсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.
Эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг өчигдөр орой баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа юм байна.
ШИГШЭЭ БАГИЙНХНЫ ЦАЛИНГ НЬ НЭМЭВ
“Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэх шийдвэр гаргасан бөгөөд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана.
Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм. Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй аж.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ