НЭМЭЛТ: 21.30 ЦАГ
Эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг өнөөдөр (2021.05.29) баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мөн мэдээлэл ирүүлэн хамтран ажиллаж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжлан ажиллаж байгаа аж. Иймд тус этгээдийг харсан хүн байвал мэдээлэл өгөхийг хүсэв.
ХХБ-НААС 2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛААГҮЙ ГЭВ
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнийг баривчилсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад “Хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилсан талаар мэдээлэл ирээгүй байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Хэрэв сэжигтэн саатуулагдаж, баривчлагдсан тохиолдолд мэдээллийг бидэнд шуурхай ирүүлэх ёстой” гэсэн юм.
Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн байжээ. Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ