"Дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдана"

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

"Дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдана"

УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчид, худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ "2020-2024 онд Монгол Улс нийт 14.9 тэрбум ам.долларын гадаад өр төлөхөөс 2021 онд 1 тэрбум 690 сая, 2022 онд 2 тэрбум 666 сая, 2023 онд 5 тэрбум 600 сая, 2024 онд 2 тэрбум 590 сая ам.доллар төлнө. Товчхон хэлбэл, их өр-их сорилт биднийг хүлээж байна.

Энэ их сорилт-ыг их сэргэлт бий болгож байж давна. Ачааны гол хүндийг үйлдвэрлэл, бизнесийн салбар үүрнэ. Төр засгаас үйлдвэрлэл-бизнесийг бүх талаар дэмжих, саад бэрхшээлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл төр-хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, хамтран зүтгэж байж бид сорилтын цаана гарна гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр МҮХАҮТ-аас гаргасан “Эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэмжин, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь иргэн болон аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтад тохируулга хийж, хар түүх, тэмдэглэгээг байхгүй болгох, худалдаа эдийн засгийн асуудлыг дагнан хариуцах нэгжийг бий болгох зэрэг санаачилгуудыг ажил хэрэг болгохоо илэрхийлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарахаа илэрхийлсэн билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Зөрчлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэх нь зүйтэй гэсэн бол эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийг ойрын үед хойшлуулахгүйгээр хэлэлцэн батлан гаргахаар зорьж байна” гэв.

Мөн УИХ-ын даргын дэргэд Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөл байгуулахаар болсноо зарлаж, бизнесийн салбартай холбоотой хуульд тус зөвлөлөөр дамжуулан хувийн хэвшлийнхний саналыг хүлээн авна гэж мэдэгдэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болно. Цаашид иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрэв Дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдана” гэж онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулснаа болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж