"Хүүхдүүд минь эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй" | News.MN

"Хүүхдүүд минь эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй"

"Хүүхдүүд минь эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй"

"Хүүхдүүд минь эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр (2021.05.29) 40 ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Та бүхэнд “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаасан ээжүүдийн сэтгэгдлийг хуваалцаж байна.

“ЭХИЙН АЛДАР” I ОДОН ГАРДАН АВСАН Э.ХИШИГСАЙХАН:

-Сэтгэгдэл маш сайхан байна. Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би зургаан хүүхэдтэй. Таван сайхан охин, нэг хүүгийн ээж. Бага хүүхэд маань нэг ой 10 сартай, том нь 13 настай. Юун түрүүнд энэхүү эрхэм хүндтэй шагналыг хамт авсан, авах бүх ээжүүддээ халуун баяр хүргэе. Ээж хүн гэдэг агуу том ертөнц. Би өдөр бүр аз жаргалтай байдаг. Өнөр өтгөн гэр бүл байхын сайхан нь гэр маань үргэлж инээд хөөрөөр дүүрэн бялхаж байдаг. Би дөрвөн хүүхэдтэй айлын том охин болохоор олуулаа байх их дуртай. Тэр нь сайхан байдаг. Охидтойгоо  байх үгээр зүйрлэшгүй гоё. Учир нь юу ч болсон бүгд эмэгтэй болохоор тал талаас “Одоо тэгье, одоо ингээрэй ээж ээ” гээд их зөвлөгөө өгнө шүү дээ. Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсч байна.

“ЭХИЙН АЛДАР” II ОДОН ГАРДАН АВСАН О.СЭЛЭНГЭ

-Өнөөдөр төрийн тэргүүнээс “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна. Өнөөдрийг хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин, бас сайхан хүүдээ бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Би 30 настай, дөрвөн хүүхдийн ээж. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж, нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай  өдөр болж байна.

Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалдаг. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их  ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань ой гарантай эрүүл энх, сайн сайхан өсөн торниж байна. Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд тусалж дэмждэг ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй бол гурван ихэр охиноо өсгөхөд чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ. Одон авсан нийт ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

“ЭХИЙН АЛДАР” I ОДОН ГАРДАН АВСАН Э.БУРМАА

“Эхийн алдар” одон бол ээжүүдийг үнэлж байгаа хамгийн том шагнал гэж боддог. Энэ бол ямар ч мөнгө төгрөг, материаллаг зүйлстэй харьцуулшгүй. Яагаад гэвэл ээжүүд хүүхдүүдээ өсгөхийн тулд амьдралынхаа тэн хагасыг зарцуулдаг шүү дээ. Энэ гавьяаг төрөөс үнэлж байгаад би маш их баяртай байна. Ээжүүдийг ялгахгүйгээр бүгдэд нь энэхүү шагналыг Төрийн ордонд гардуулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол ээжүүдэд үзүүлж буй хамгийн том хүндэтгэл.

Ээж хүн гэдэг өдөр болгон завгүй байдаг. Гэхдээ түүндээ хэзээ ч гомдоллодоггүй. Нэг өдөр өөрсдийгөө гоёод Төрийн ордноос шагналаа авч, хүндэтгэл үзүүлэх мөчид “Би маш хариуцлагатай ажил хийсэн хүн юм байна” гэж бодогдож байлаа. Үртэй хүн баян гэж ярьдаг шүү дээ. Би өөрөө айлын ганц охин байсан. “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг. Тийм болохоор зургаан хүүхэдтэй болсондоо маш их баярладаг. Хамгийн түрүүнд бодож явдаг зүйл бол үр хүүхдүүдээ сайн хүн болж төлөвшөөсэй гэж л бодож явдаг даа. Хүн чанартай хүн болох ёстой. Хүн болсон цагт дараа нь эрдэм мэдлэг, боловсрол олж авч чадна.

Хамгийн хэцүү зүйл бол хүүхэд өвдөх. Хүүхэд өвдөхөд ээж нь дагаад өвддөг, хямардаг. Яах бол гээд хүүхдийнхээ төлөө нойргүй хонодог. Олон хүүхэд төрүүлэхээр эмч, багш, сувилагч, тогооч гээд бараг бүх ажлыг өөрөө хийж чаддаг болдог юм байна. Хэр баргийн юманд түүртэхээ больчихсон доо. Олон хүүхэд гоё шүү дээ. Том нь бага дүүгээ өсгөчихдөг. Одоогийн нийгэмд хүүхэд өсгөх хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, үлгэрлэж л харуулдаг даа аав, ээж хоёр нь. Хүүхэд өсгөхөд би ганцаараа зүтгэдэг юм биш. Би төрдөг боловч ээж, хадмууд маань тусална. Хамгийн гол нь, ард нь найдвартай аав гэж хүн байдаг. Хань минь хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг.

Хүүхэд өсгөхөд зөвхөн идэх хоолноос гадна боловсрол, суурь хүмүүжил, хариуцлага зэрэг маш олон чухал зүйл бий. Бид өөрсдөө ямар хүн байна хүүхдүүд маань түүнийг л дагаж хүмүүжнэ. Тийм болохоор бид өөрсдөө хөдөлмөрч байх хэрэгтэй шүү дээ. Би 1-14 насны гурван охин, гурван хүүтэй. Одоо дөрөв нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Харин нэг нь цэцэрлэгт, нөгөө нэг нь гэртээ байна. Би хүүхдээ өөрөө гардаж өсгөхийг чухалчилдаг. Ажил хийгээгүй 15 жил гэртээ хүүхдээ харж байгаа ч энэ бол миний үр хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Ээж нь өөрөө хүүхдээ харах нь хүүхэд хүн болж төлөвшихөд хамгийн чухал зүйл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж