Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко онгоц барьцаалсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа билээ. Тэрбээр өчигдөр (2021.05.28) Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалтын үеэр Путин онгоц барьцаалсан гэх асуудалд туслахаа Лукашенкод амласан байна.
Өнгөрсөн долоо хоногт Беларусийн нутаг дээгүүр нисч байсан Грекийн Афинаас Литвийн Вильнюс хотыг зорьсон “RyanAir” компанийн нисэх онгоцыг Беларусийн тал "Онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй" хэмээн хуурч буулгасан юм. Онгоцыг буулгахын тулд армийн сөнөөгч онгоцыг дагалдуулж нисгэжээ.
Гэтэл онгоцонд ямар нэг тэсрэх бөмбөг байгаагүй, харин Лукашенког шүүмжлэгч, гадаадад дүрвэсэн сэтгүүлч Роман Протасевичийг баривчлах зорилготойгоор ийнхүү худал үндэслэлээр онгоцыг газардуулсан байсан юм.
Онгоц газардсаны дараа Протасевичийг найз бүсгүйнх нь хамт баривчилжээ. Харин Протасевичийг одоо олон нийтийг үймээн самуунд турхирсан хэргээр 15 хүртэл жилийн хорих ялаар шийтгэхээр төлөвлөсөн байна.
Лукашенко уг үйл явдалтай холбоотой баримтыг Путинд үзүүлэхээ амлаж, өөрийнх нь эсрэг хориг тавих болсон нь барууны улсуудын явуулга гэжээ. Харин Путин онгоц барьцаалсан асуудлаар Лукашенкод хориг тавих нь сэтгэл хөдлөлөөр шийдэж буй хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлээд, түүнд туслахаа амласан байна.
Түүнчлэн өмнө нь барууны улсууд мөн дээрх шиг Боливийн Ерөнхийлөгчийн онгоцыг албадан буулгаж байсныг дурджээ. Тодруулбал, 2013 онд Москвагаас эх орондоо буцаж явсан Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн нисэх онгоцыг Австри улсад буулгаж байсан юм.
Тухайн үед АНУ-ын тагнуулын алба Эдвард Сноуденыг эрэн сурвалжилж байсан бөгөөд Боливи руу нууцаар дүрвэж байж болзошгүй гэж сэжиглээд, Моралесын онгоцыг саатуулж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ