"Монголын энхийг сахиулагчдын үнэнч үүрэг НҮБ-ын бахархал юм" | News.MN

"Монголын энхийг сахиулагчдын үнэнч үүрэг НҮБ-ын бахархал юм"

"Монголын энхийг сахиулагчдын үнэнч үүрэг НҮБ-ын бахархал юм"

"Монголын энхийг сахиулагчдын үнэнч үүрэг НҮБ-ын бахархал юм"

Өнөөдөр даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэх ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан, төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал, офицер, ахлагч нар хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхйг сахиулагчдын баярын өдөр тохиож байна.

Эдүгээгээс 70 гаруй жилийн тэртээ дэлхийн халуун цэг болсон зарим орнуудад энх амгалан байдлыг тогтоох зорилго бүхий НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Манай орны хувьд энхийг сахиулагчдынхаа амжилт, ололт, алдар гавьяаг алдаршуулах, иргэд залуучууд, өсвөр үеийнхэнд энхийг дэмжих ажиллагааны үүрэг, оролцоо, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тотоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр ёслон тэмдэглэдэг.

Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд найрамдах Конго улсад явагдсан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээснээр эхэлсэн. Үүнээс хойш 19 жилийн хугацаанд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, Бүд найрамдах Судан улс, Этиоп-Эитрия, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах Өмнөд Судан улс, Исламын Бүгд найрамдах Афганистан улс, Судан улсын Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Тэдгээрээс найман ажиллагаа нь дуусгавар болж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 19400 гаруй цэргийн алба хаагч давхардсан тоогоор үүрэг гүйцэтгэжээ.

Манай улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо тогтмол нэмэгдүүлж, өнөөгийн байдлаар жилдээ 1300 гаруй цэргийн алба хаагчийг 1-2 сарын хугацаатай ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, 6-12 сарын хугацаатайгаар Бүгд найрамдах Өмнөд Судан улс, Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, хилийн маргаантай Абией бүс, Йемен улс, Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд бүсийн командлагч, секторын штабын дарга, Цэргийн баг, цэргийн ажиглагч, зөвлөх холбогч, штабын офицер, ахлагчийн албан тушаалд болон цэргийн багт томилон үүрэг гүйцэтгүүлж байна.

Зэвсэгт хүчнээс өнөөдрийн байдлаар 1100 гаруй цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

Энэ өдөр дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг хангах үйл хэрэгтэй амь үрэгдсэн эрэлхэг цэргүүдийнхээ гэгээн дурсгалыг эрхэмлэн хүндэтгэдэг бөгөөд Монол Улсын зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр өртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан цэргийн алба хаагчдынхаа гавьяат үйлсийг дурсан санаж, гүн хүндэтгэл үзүүлдэг юм.

Ирэх онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх юм. Энэхүү ойг угтаж энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, онол практикийн бага хурал болон энхийг сахиулагчдын чуулга уулзалт зохион байгуулах, түүхэн ном, гэрэл зургийн цомог, баримтат кино бүтээх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

МОНГОЛ УЛС НИЙТ 19 МЯНГАН ЭНХИЙГ САХИУЛАГЧ ИЛГЭЭЖЭЭ

НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор дэлхийд 23-т жагсаж буй нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой өдөр юм. НҮБ Монгол Улсын энхийг сахиулагчдад талархал илэрхийллээ.

Монгол Улс нийтдээ 19000 гаруй энхийг сахиулагч илгээсэн. Тэдгээрийн 780 нь эмэгтэй алба хаагч юм. Түүнчлэн энэ сарын 27-нд НҮБ-ын Төв байранд 1948 оноос хойших хугацаанд амь эрсэдсэн 4000 гаруй энхийг сахиулагч, тэдний дунд өнгөрсөн жил НҮБ-ын далбаан дор алба хааж байхдаа амиа алдсан 130 цэрэг, цагдаа, иргэний энхийг сахиулагчдад хүндэтгэл илэрхийллээ.

НҮБ-ын Энхийн ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруа баярын илгээлтдээ “БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм” гэж онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ залуу энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдсан байна. Мөн Жан-Пьер Лакруа "Эрч хүч, шинэлэг санаагаар дүүрэн, улс төрийн үйл явцад утга учиртай төлөөлөл, оролцоог хангахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй нийт залуучуудад үлгэр дуурайлал болж явдаг энхийг сахиулагч залуучуудаа биширч явдаг" гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассемблей 1948 онд UNTSO Палестинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр цагаас хойш нэг сая алба хаагч НҮБ-ын 72 энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, олон сая хүнд шууд нөлөөлж, тоо томшгүй олон хүний амь насыг авран хамгаалжээ. Эдүгээ НҮБ-ын Энхийг сахиулах 12 ажиллагаанд 89 000 гаруй иргэн, цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-29 66.181.190.61

Хар тамхичин болчихвол яах вэ

Avatar

Зочин 2021-05-29 192.82.80.127

Manai ulsiin tsergiin duremt huvitsaanuud yamar ch ongo zus sur baraagui novshiin yum baihiin, solid shine zagvar gargaj boldoggui yum baihdaa

Avatar

Зочин 2021-05-29 192.82.69.247

Энхийг сахиулагчид дотор дэглэдэг жаа нар байна уу? Хүн алаагүйг бодоход байхгүй байгаа байх. Тэгвэл армийн бусад ангиудад ч дэглэлт байхгүй байж бодох л юм байна. Сайд, генералууд нь хүсвэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж