"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

“Оюутолгой” төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд буй. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.

“Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийж, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Тус комани эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж, Лондонгийн арбитрын шүүхэд хандаж, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй билээ.

Засгийн газар арбитрын маргаанд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбарын хамт сөрөг нэхэмжлэл гаргажээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргааны оролцогч талуудаар “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудыг нэмэх хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” компани албан ёсны хариу тайлбар ирүүлээгүй байгаа ажээ.

Эрдэмтэн судлаачид Монгол Улс 2051 онд 27 тэрбум ам.долларын өр, хүүгийн алдагдал төлөх тооцоолол хийжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2030 оны үед, 2050 оны эхэнд 3-4 жил л багахан ашиг аваад, цаашдаа алдагдалтай байх тооцоолол гаргасан байдаг.

Ийм нөхцөлийг “Дубайн” гэх гэрээ бүр дордуулсан тул энэ гэрээг цуцалж, 4.5 тэрбум ам.долларын зээлийн өрд тооцож байсан асуудлыг, 1.5 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, “Рио Тинто лимитэд интернэшнл холдинг”-д төлж байгаа баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр, менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг олон төлбөрийг зогсоох хэрэгтэй гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах төдийгүй ирээдүй хойчдоо үлдэх бүхнийг сайжруулах үүрэг хүлээж, ард түмний захиас, хүсэлт, хүлээлтийг биелүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн билээ.

Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэнээс болж "Оюутолгой" компани нэмэлт санхүүжилт авах шаардлага үүсч, энэ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр буурах тооцоо гарчээ. Иймд Монголын тал гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг нарийвчлан судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон юм.

Засгийн газрын ажлын хэсэг "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийсэн. Дараагийн уулзалтын тов хараахан гараагүй байгаа юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгын мэдээлснээр, манай тал хөрөнгө оруулагч талтай цахим шуудангаар үргэлжлүүлэн харилцаж байгаа аж. Өмнө нь мэдээлэл өгч байсны дагуу "Оюутолгой" төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлыг судалж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж буй юм байна.

Харамсалтай нь, “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдийн хүссэн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхгүй, зарим шаардлагатай гэж үзсэн тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

“Туркойс Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудын эсрэг Нью-Йоркийн шүүхэд 2021 оны гуравдугаар сард гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд их ноцтой асуудлууд туссан байна. Гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь мэдэгдээгүй. Түүнээс гадна энэ асуудлын бодит шалтгааныг нуун дарагдуулсан байж болзошгүй талаар "Оюутолгой" төсөлд ажиллаж байсан 12 хүн мэдээлэл өгсөн тухай нэхэмжлэлд тодорхой дурджээ. Тус нэхэмжлэлд дурдсан асуудлуудын талаар тайлбар өгөх шаардлагыг мөн “Рио Тинто” компанид хүргүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны зургадугаар сарын сүүлээр эцсийн байдлаар гарахаар хүлээгдэж байгаа ч “Рио Тинто” компани шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгөхгүй байх нь дүгнэлт гаргах хугацааг хойшлуулах шалтгаан болж болзошгүй аж.

Дубайн гэрээний тухайд өгүүлэхэд, анхнаасаа процессын алдаатай байгуулсан энэхүү баримт бичгийг хүчингүй болгож байж алдааг засах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн энэхүү баримт бичгийг байгуулснаар татвар, зардлын хэтрэлт зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талд буулт хийсэн асуудлууд байдаг тул нарийвчлан судалж, тодорхой шаардлагуудыг хөрөнгө оруулагч талд тавихаар ажиллаж байгаа аж.

Энэхүү баримт бичгийг хүчингүйд тооцсоноор одоо үргэлжилж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзжээ. Засгийн газар гүний уурхайн төслийг дэмжиж, аль болох богино хугацаанд дуусгах шаардлагатай гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн байна.

Мөн төслийн оролцогч талуудтай байнга харилцаж, Засгийн газрын байр суурийг илэрхийлж, харилцан ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжлэх хүлээлттэй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзалтын тов зарлагдах бололтой.

Нэмж өгүүлэхэд, Оюутолгой төслийн мөнгөн урсгалыг дотоодын банкны системээр дамжуулахаас эхлээд ярих, хөндөх олон асуудал бий юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж