Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.05.28/ боллоо.
Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас /МАХН/ Монгол Ардын намтай /МАН/ нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцсэн юм. Улмаар тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэв. Дашрамд дурдахад, МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр “МАН, МАХН нэгдсэн нь улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэн нэгдэж байна” гэдгийг онцолж байв.
Холбоотой мэдээ