KOICA-аас Улсын бүртгэлийн нэгжүүдэд буцалтгүй тусламж олголоо

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

KOICA-аас Улсын бүртгэлийн нэгжүүдэд буцалтгүй тусламж олголоо

KOICA-аас Улсын бүртгэлийн нэгжүүдэд буцалтгүй тусламж олголоо

KOICA буюу Cолонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага өнөөдөр/2021.05.28/ Улсын бүртгэлийн газар, хэлтсүүдэд “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд буцалтгүй тусламж үзүүлж, техник, тоног төхөөрөмж болон Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хэрэгслийг гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сүн Янь, KOICA-ийн төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Энхсаруул болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:

-KOICA болон Хууль зүйн дотоод хэргийн яам Улсын бүртгэлийн байгууллагын хамтарсан төслийн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ. Өнгөрсөн онд улсын бүртгэлийн байгууллагын 80 жилийн ой тохиосон. Энэ ойн хүрээнд энэхүү томоохон төсөл хэрэгжсэнд талархаж байна. 2016-2020 он, 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Нэг иргэн-нэг бүртгэл" гэсэн хөтөлбөр багтсан. Үндсэндээ бодлогын хувьд улсын бүртгэлийн байгууллага хэвийн, ил тод, үнэн зөв ажиллаж, мэдээллээ холбогдох байгууллагуудад түгээж байх ёстой. Үүний тулд анхан шатны нэгжүүд буюу бүх аймаг, сум, дүүрэг, хороод дээрээ улсын бүртгэлийн ажлыг чанартай хийх хэрэгтэй. Бүртгэлийн байгууллагын гол төрд үзүүлж буй үйлчилгээ нь энэ юм.

KOICA-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслөөс хоёр гол зүйлийг харж байгаа. Нэгдүгээрт, анхан шатны нэгжүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулж байна. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн мэдээлэл, технологийн төвийг байгуулж байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн дата төв, сервер компьютеруудыг сайжруулж байна. Сүүлийн үед цаасгүй, зардалгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай цахим шилжилт гэж их ярьж байгаа. Үүний хүрээнд л програм хангамж, дэд бүтцээ сайжрууллаа. KOICA-аас гадна Дэлхийн банкны төсөл, Азийн хөгжлийн банкны төслүүдйг хэрэгжүүлсэн. Дэлхийн банкны төслөөр програм хангамжийн асуудлаа шийдсэн бол Азийн хөгжлийн банкны төслөөр 330 сум, 170 гаруй хороодоо улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон. Харин өнөөдөр энэхүү програм хангамж, дэд бүтцийг ашиглах компьютер, принтер, хурууны хээ уншигч, зургийн аппарат гэх мэт төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Нийслэл дэх УБГ-ын дарга Г.Анхныбаяр:

-KOICA-ийн буцалтгүй тусламжаар нийслэлийн бүх хороод буюу анхны шатны нэгжүүдэд маань бүрэн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Анхан шатны нэгжүүд ийнхүү бүрэн тоноглогдож байна гэдэг нь иргэдэд үзүүлэх бүртгэлийн үйлчилгээний чанар, хурд улам нэмэгдэнэ гэсэн үг. Хороод бүр дээр иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний үнэмлэхний олголт, бүртгэлийг хийх боломжтой болчихлоо. Мөн дүүрэг, аймгийн төвүүдийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Тоног төхөөрөмжөөс гадна олон улсын чанарт нийцсэн, чанартай, баталгаатай Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хэрэгслүүдийг хангалттай өглөө. Манай ажилчид төрийнхөө үйлчилгээг цаг алдалгүй иргэддээ хүргэхийн тулд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас цагаа олсон тусламж байлаа.

Тусламжийн хэрэгслийн дээжийг KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сүн Янь аймаг, дүүргийн газар хэлтсүүдийн дарга нарт гардуулан өгсөн юм.

Дээрх үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг хүргэхэд:

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу KOICA-тай 2011 оноос хойш хэд хэдэн төслүүд дээр амжилттай хамтран ажиллаж байна. Манай улсад корона вирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, мөн Улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд олон нийтийг халдвараас сэргийлэх, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 11 төрлийн 518’361 ширхэг  ариутгалын тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хэрэгслийг, түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад зориулан суурин компьютер, олон үйлдэлт принтер, хурууны хээ уншигч, зургийн аппарат зэрэг техник, тоног төхөөрөмжийг KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар УБЕГ-ын нийслэл болон орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтэст өнөөдөр ийнхүү гардуулан өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж