Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд УБТЗ-ын удирдлага, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар “Хүүхдийн төмөр замын төсөл” дээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн билээ. Тэгвэл төслийн ажил энэ сарын 10-наас эхэлжээ. Уг төмөр замыг Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд барьж байгаа юм. Энэ талаар, төслийн удирдагч, Дархан татах хэсгийн ахмад машинч Ч.Мөнхбатаас тодрууллаа.
-Хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалт хэзээнээс эхлэв?
-Үндсэндээ, тавдугаар сарын 10-наас хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өртөөний болон депогийн барилгыг Зүүнхараагийн БАҮ-ний нэгдүгээр ангийн барилгачид барьж байгаа. Замын Iангийн замчид одоогийн байдлаар хөрс хуулалт, балластын ажлыг гүйцэтгэж байна. Мөн энэ төсөл дээр Дохиолол холбооны I анги, ЭХУХ-ийн I ангийнхан ажлаа эхлүүлсэн.
–Төслийн хүрээнд хийх ажлын хэмжээг тодорхой танилцуулж болох уу?
–Бололгүй яах вэ. Хүүхдийн төмөр замын нийт урт нь 2.1 км, 750 мм-ийн царигтай, тойрог хэлбэртэй, хоёр суман шилжүүлэгтэй. Суман шилжүүлгийн нэг нь төвлөрсөн автомат удирдлагатай, нөгөө нь гар суман шилжүүлэг байх юм. Замын 200 метр нь депо руу орох, гарах зам байна.
Депогийн барилгын хувьд үзлэгийн хоёр сувагтай 42х12 метрийн хэмжээтэй бол өртөөний барилга 24 метрийн диаметртэй Монгол гэрийн хэлбэртэй баригдаж байгаа.
-Уг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний талаар мэдээлэл өгч болох уу?
-ОХУ-ын Компарскийн заводад ТЭ10 серийн зүтгүүр, тус бүр 34 хүний суудалтай зорчигчийн хоёр вагоныг захиалан хийлгэж байна. ТЭ10 зүтгүүрийн хувьд 230 морины хүчтэй.
-Энэ төсөл дээр нийт хэдэн төмөр замчин ажиллаж байна. Хэзээ ашиглалтад хүлээлгэж өгөх вэ?
-Одоогийн байдлаар 70 орчим төмөр замчин ажиллаж байна. Өртөөний болон депогийн барилга баригдаад засал чимэглэл хийх үеэр барилгачид нэмэгдэж ирэх байх. Ашиглалтад хүлээлгэж өгөх хугацааг долдугаар сарын 20-н гэж төлөвлөөд ажиллаж байна. Энэ жил Дархан-Уул аймгийн 60 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойн үеэр нь ашиглалтад оруулах хүсэлтийг аймгийн зүгээс бидэнд тавьсан.
-Дархан-Уул аймгийн зүгээс энэ төсөлд ямар оролцоотой байгаа вэ?
-Аймгаас хүүхдийн төмөр замын газрыг төмөр замд 20 жилийн хугацаатай үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү төмөр зам нь хоёр үндсэн зорилготой баригдаж байна. Нэгдүгээрт, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газар болох нь. Нөгөө талаар, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд төмөр замын хоёр лицей анги байгуулагдсан. Тэгэхээр ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх сургалтын бааз суурь болж байгаагаараа онцлогтой юм. Төмөр замын ажил мэргэжлийг хүүхэд залууст сурталчилах, чухал ач холбогдолтой ажил гэж ахмад төмөр замчны хувьд харж байна. Үеийн үед олон мянган хүүхэд баярлуулж байх ийм сайхан ажлыг удирдаж ажиллах Замын захиргааны саналыг ах нь их бэлгэшээж хүлээж авсан. Өнөөдөр УБТЗ-ын хамт олон Монголдоо хамгийн анхны хүүхдийн төмөр замыг байгуулж байгаад маш их баяртай байна.
Б.Гүнжинлхам
Холбоотой мэдээ