Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Монгол төрийн энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, эрэлхэг зориг, мэргэжлийн өндөр ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадвараараа “Монгол цэрэг” гэх дэлхий хүлээн зөвшөөрсөн эрхэм хүндтэй алдрыг бүтээлцсэн орчин цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчний үлгэр жишээ болсон эрхэм энхийг сахиулагч Та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Батлан хамгаалах салбар энхийг дэмжих ажиллагаа, энхийг сахиулагчдынхаа үйл хэргээр дамжуулан улс орныхоо гадаад нэр хүндийг олон улсын тавцанд өндөр байлгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар байгааг энэхүү тэмдэглэлт өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

Эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ батлан харуулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, төр засгийн шийдвэр, цэргийн дээд удирдлагынхаа тушаал заавар, ард түмэн, гэр бүлийнхээ итгэл найдварыг өвөрлөн амь нас, эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй нөхцөлд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн болон одоо үүргээ гүйцэтгэж байгаа эрэлхэг энхийг сахиулагч генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагчид Та бүхний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлт, зангидсан гар шиг нэгэн үзүүрт сэтгэлийн үр дүн билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны энхийг сахиулагчдаа цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллагааны газар оронд илгээснээс хойших 19 жилийн хугацаанд дэлхийн 13 улсад явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан өндөр эрсдэлтэй энэ цаг үед НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний эвслийн цэргийн хүчний 7 ажиллагааны халуун цэгт 1100 гаруй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Манай энхийг сахиулагчид мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдаас олон давуу чанараараа ялгарч, НҮБ болон олон үндэстний цэргийн ажиллагааны удирдлагууд, ажиллагааны бүс нутаг дахь орон нутгийн ард иргэдийн талархлыг ямагт хүлээж байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын төр засаг, цэргийн дээд удирдлага, ард түмнийхээ бахархлыг төрүүлж байдаг юм.

Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн шаргал хуудсыг зузаалсаар байгаа цэнхэр дуулгат энхийг сахиулагчдадаа дахин баяр хүргэе.

Дэлхийд данстай энхийг сахиулагчдын маань ариун үйлс улам бүр арвижин батжиж, монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж