Төвөдийн орогнолын засгийн газрын шинэ ерөнхийлөгч хоорондын үл ойлголцлын талаар хэлэлцэхийн тулд БНХАУ-ын засгийн газартай холбоо тогтоохоор төлөвлөж байгаагаа энэ долоо хоногт мэдэгджээ. Сүүлийн арав гаруй жил хоёр тал огт холбоо тогтоолгүй байсаар өдийг хүрсэн юм.
Өмнө нь орогнолын парламентын даргын албан тушаал хашиж байсан шинэ Ерөнхийлөгч Пенпа Цэрэн энэ долоо хоногт Энэтхэгийн умард хэсгийн Дарамсала хотод тангараг өргөх ёслолоо үйлдсэн юм. 1959 оны Хятадын эсрэг бослого, хөдөлгөөн бүтэлгүйтсэнээс хойш Буддын шашны удирдагч Далай лам Төвөдөөс дүрвэн тус хотод амьдарч байгаа билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Далай лам гэрээсээ цахимаар оролцон үгээ хэлсэн юм.
Харин Хятадын тал Төвөдөд шашныг хязгаарлаж байгаа гэдгээ эрс үгүйсгэдэг. Мөн 1951 оноос эхэлж Коммунист намын эзэмшилд авсан Гималайн нутгийг анхнаасаа XIII зууны дунд үеэс хойш Хятадын газар нутаг байсан хэмээн ухуулдаг юм. Төвөд бүх түүхэндээ ихэвчлэн бүрэн бие даасан улс байсан бөгөөд сүүлийн үед Хятад орон байгалийн баялагт шунаж, Төвөдийн түүх соёлыг үгүйсгэж байна хэмээн ярьдаг аж.
БНХАУ-ын засгийн газар Төвөдийн орогнолын засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд 2010 онд Энэтхэг орон Төвөдийг Хятадын нэг хэсэг мөн хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш Далай ламын төлөөлөгч нартай огт уулзаагүй юм. Харин Ерөнхийлөгч Пенпа Цэрэн энэ талаар “Хятадын улс төрийн бодлогын баримт бичиг энэ сарын 21-нд хугацаа нь дууссан. Түүнээс хойш Төвөдийн тухай ямар нэг зүйл дурдаагүй байна. Тиймээс бид хүн илгээж Хятадтай холбоо тогтоохоор төлөвлөсөн. Бид Хятадтай холбоо тогтоож, тулгамдсан асуудлуудаа ярилцахыг маш удаан хүлээлээ” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ