“ЭТТ” бонд: Гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулна

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

“ЭТТ” бонд: Гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулна

“ЭТТ” бонд: Гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын “ЭТТ” бонд амжилттай гаргасан. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой.

“ЭТТ” бондын эхний үе шатны арилжаа амжилттай дуусч, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн (600 тэрбум)-өөс давуулж, нийт 677.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн билээ. Энэ нь бондын арилжааны дараа дараагийн шат амжилттай явагдах үндэс болж буй юм.

Нэрлэсэн нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг болон 100 ам.доллар бөгөөд арилжаанд нийт 973 иргэн, аж ахуйн нэгж оролцсон. Эхний шатанд арилжаалагдсан бонд 24 сарын хугацаанд төлөгдөх бөгөөд зургаан сар тутам хүүгийн төлбөр олгох юм.

Бондын арилжаа амжилттай хийгдэж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр их наяд төгрөгийн бондоо гурван үе шаттайгаар гаргаж буйгаа зарласан. Эхний үе шат нь дээрх 600 тэрбум төгрөгийн бонд бөгөөд дотроо төгрөг нь 120 тэрбум, ам.доллар нь 168.4 сая гэж хуваагдсан юм.

Засгийн газар тус компанийн 81,5 хувийг эзэмшдэг ч энэхүү бондод баталгаа гаргаагүй. Учир нь тус компани өөрийн үйл ажиллагаагаар цаашид гарах бүх үр дагаврыг хариуцахаа мэдэгдсэн билээ.

Өндөр хүүтэй анхны ам.долларын энэхүү бондын ач холбогдол, үр өгөөж юу вэ? Төрийн өмчит компанийн бонд гэдэг утгаараа эрсдэл багатай, дотоодын хөрөнгийн бирж дээр ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтад өртөхгүй байх давуу талтай. Төрийн өмчит компанийн бонд гэдэг утгаар оролцогч талын итгэл үнэмшилд нийцэж буй.

Мөн Монгол Улсын төмөр замын томоохон бүтээн байгуулалт болон монгол хүн бүрийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг анх удаа бизнесийн зарчмаар амжилттай удирдаж, цэвэр ашгаас ногдол ашиг түгээж эхэлсэн. Энэ мэтчилэн санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд бэхжиж чадсан компанийн бонд гэдэг утгаараа арилжаанд нэр хүндтэй байх талтай. Монголбанкнаас анх удаа валютын бонд гаргахад эрх зүйн орчин талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь арилжаа амжилттай хийгдэхэд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж буй юм.

Өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүд “ЭТТ” бондын дараа дараагийн шатны арилжааны талаар илүүтэй сонирхож байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, дараагийн үе шатны арилжаалагдах бондын эргэн төлөлт 36 сар хүртэл байх нь. Бондын эхний үе шат дотоодын хөрөнгө оруулагчдыг татах байсан бол хоёр, гурав дахь шатны арилжаанаас гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмж татахаар төлөвлөжээ. Ингэснээр өндөр өгөөж хайж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтой гэж компанийн удирдлага үзсэн байна.

Хадгаламжийн хүү буурсан энэ үед “ЭТТ” бондын хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч талд өгөх өгөөж, ашиг өндөр тул хөрөнгө оруулагчдын дунд бондын эрэлт их байгаа ажээ.

Засгийн газрын баталгаагүй учраас эрсдэл гарахыг шинжээчид үгүйсгэхгүй байгаа учир хөрөнгө оруулагчдад дор бүрнээ судалгаа хийж, хөндлөнгийн судлаач, шинжээчдийн дүгнэлтийг сонсох хэрэгтэйг зөвлөсөөр байна.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөний 2.11-д “Дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг “ЭТТ” бонд гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ. Мөн Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр “ЭТТ” бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж