Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Анхаар: Цар тахлын давлагаа дахин тархах эрсдэлтэй байна

Вакцинд хамрагдсан таван хүн Covid-19-ийн халдвараар нас барсныг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр өчигдөр мэдээлсэн. Гэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр  иргэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан тохиолдолд халдвараар өвчлөх эрсдэл буурах төдийгүй өвдсөн ч биеийн байдал хүндрэхгүй гэсэн юм.

Хөгжиж буй орнуудын дунд вакцинжуулалтаар тэргүүлж яваа Монгол Улсад Covid-19 халдварын дараагийн давлагаа эрчимтэй үүсч магадгүй байгааг албаны хүмүүс анхааруулах болсон.  Энэ тал дээр Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг холбогдох албан байгууллагууд ямар зохицуулалт хийж ажиллаж буй талаар хүргэж байна.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙГ “ФАЙЗЕР” ВАКЦИНД ХАМРУУЛНА

Монгол Улсын хэмжээнд 53 мянга гаруй жирэмсэн эх байгаа аж. Одоогийн байдлаар жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг БНХАУ-ын “Вероселл”  вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Харин Засгийн газрын өчигдрийн /2021.5.27/ ээлжит хуралдаанаар Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан 100 мянган тун “Файзер” вакцинд зорилтот бүлгийн эхчүүд буюу хавсарсан өвчтэй, жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг хамруулах шийдвэр гаргажээ. “Вероселл”  вакциныг жирэмсний 14-36 дахь долоо хоногийн хугацаанд хийж байгаа бол бусад вакцины хэрэглэх заалт ч ижил аж. Хамгийн гол нь дархлаажуулалтад хамрагдах эхчүүд жирэмсэн үеийн чихрийн шижинтэй, Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэйн дээр илүүдэл жинтэй тохиолдолд эмчийн заавар, зөвлөмжийн дагуу сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Хэрэв нэгдүгээр тундаа “Вероселл” вакциныг хийлгэсэн бол хоёрдугаар тундаа “Файзер” вакциныг хийлгэх боломжгүй заалттай байна.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН 3000 ХҮН ӨВЧИЛСӨН

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийн мэдээлснээр тавдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1 843 635 хүн хамрагдсанаас 0.5 хувь буюу 9200 гаруй иргэн, хоёрдугаар тунд 944.249 хүн хамрагдсан байгаагаас 3000 орчим иргэн Covid-19-өөр халдварлажээ. Вакцинд хамрагдсан иргэдэд дархлаа шууд 100 хувь тогтоно гэсэн ойлголт байхгүй учраас иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Халдварын тохиолдол батлагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдахаас өмнө өвчилсөн байх магадлалтай. Мөн вакцин хийлгэснээс хойшхи 14 хоногоос өмнөх хугацаанд халдвар авсан байж магадгүй гэлээ.

ДЭМБ-ын зөвлөснөөр бүрэн тун тариулсан иргэд 21 хүртэлх хоногийн хугацаанд хувийн дэглэмийг сайтар баримталж, олон нийтийн газарт зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байгаа. Хэдийгээр дархлаажуулалтад иргэдийн дунд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч биеийн байдал харьцангуй хөнгөн байгааг онцолсон юм.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ НИЙСЛЭЛД ДУУСЧ, ОРОН НУТАГТ ЭРЧИМЖИНЭ

Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2 067 292 иргэн бий. Үүнээс нийслэлийн хувьд 2021.5.27-ны байдлаар 944 531 хүн нэгдүгээр тун, 656 704 нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа. Харин орон нутгийн тухайд 899 104 хүн нэгдүгээр тун хийлгэсэн бол 251 084 иргэн хоёрдугаар тунд хамрагджээ. Тиймээс Засгийн газрын зүгээс ирэх сарын 1-н гэхэд нийслэлийн бүх иргэнийг вакцинд хамруулж дуусгах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн зургадугаар сарын 15-ны дотор орон нутгийн нийт иргэдийг вакцины давтан тунд бүрэн хамруулах ажлыг төлөвлөсөн. Иймд иргэдийг ДЭМБ-ын зөвлөснөөр цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв сонголт болох дархлаажуулалтад сайн дураар идэвхтэй хамрагдахыг холбогдох албаны мэргэжилтнүүд уриалж байгаа юм. Нэг хүн өвчилснөөр тухайн гэр бүлийн 2-4 хүн халдвар тээгч болох эрсдэлтэй тул халдварын голомтыг хумихын тулд хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Вакцин хийлгэж, дархлаа бүрэн тогтоогүй үед халдварын хүндрэх эрсдэл бага хэдий ч таван хүн нас барсан тохиодол бүртгэгдсэн. Тиймээс хүн бүр эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтыг тогтмол зүүх шаардлагтай байна. Хөл хорио тогтоогоогүй нөхцөлд халдварын дараагийн давлагаанд хэн ч өртөх эрсдэл өндөр билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж