Дөрвөн жилийн өмнөхийг бодвол Монгол Улсын найм дахь удаагийн ээлжит сонгууль харьцангуй нам тайван болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд багтаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сонгогчдодоо бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах хуультай. Нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болдог.
Хэрэвзээ ганц шаттай сонгууль болбол арван дөрвөн хоногийн дараа шинэ Ерөнхийлөгчөө өлгийдөн авна. Хоёр шаттны сонгууль болбол гурван нэр дэвшигч гурвуулаа “өвдөг шороодож” ч магадгүй. Ёстой тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Ганц үнэн юм бол зургаа дахь Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон эсвэл гурвуулаа хамтдаа ойчсон бай сонгуулийн дараа Монголын улс төр том хөдөлгөөнд орно. Анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд “морь” сойж буй ХҮН-д Д.Энхбат ялах нь биш сонгогчдод нам нь танигдах нь чухал. Д.Энхбат ялагдлаа ч ХҮН-д гарзгүй. Ялсан ч ХҮН-ы хүн болохгүй.
Тэгвэл Ардчилсан нам жинхэнэ нам болох эсвэл Женко группэд өвлөгдөх үгүй нь шийгдэгдэнэ. Эрх баригч МАН-д хүндийн хүчний төв өөрчлөгдөж магадгүй. Үгүй гэхнээ намын дарга, Ерөнхий сайдын төлөөх шинэ тулаан эхэлнэ.
УНАСАН БӨХ УУРТАЙ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчий зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хуульчилж үүнийг өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөх болсноор Х.Баттулгын Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаа дуусгавар болж байна. Гэсэн ч Ерөнхийлөгч болох л эрхгүй болохоос улс төрийн бусад боломжууд түүнд нээлттэй. Түүний улс төрд, Төрийн ордонд эргэх ирэх нэг зам бий. Тэр нь Ардчилсан намыг удирдах биш өмчлөх. Ардчилсан намыг өөрийн болгохын тулд дотоод хүчийг нь сулруулж, эв нэгдлийг нь бусниулах гээд өнгөрсөн жилүүдэд С.Эрдэнийн хэлсэнчлэн хамаг хар хүчээ зарцуулсан. Үүний үр дагавар нь өнөөдөр хэдэн хэсэг болж бутарсан АН. Нэг хэсэг нь “Тесо”-гийн мөнгөтэй нөхөрлөж, нөгөө хэсэг нь үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалан тэмцэж, үлдсэн нь анхааралтай ажиглагчид болж хувирчээ.
С.Эрдэнэ ялагдвал Ардчилсан намын төлөөх цусгүй дайны тэргүүнд Х.Баттулга зогсоно. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын эзэн болох гэсэн түүний хүсэлд С.Эрдэнэ “Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ, алсын газраас тоос гаргадаг туурай чинь хаана вэ” гээд салаавч үзүүлчихсэн. Арван жил Монголын хаан суух гэсэн санаархлыг нь У.Хүрэлсүх тас цавчихсан. Унасан бөх ууртай байгаа.
У.Хүрэлсүхийг унагахаас С.Эрдэнийг унагах нь амархан бөгөөд Х.Баттулгад илүү хонжоотой. У.Хүрэлсүх мэхэнд нь унавал бүр ч сайн. Хоёр биш гурван туулай буудах түүний мэх цагаан сонголт. Дөрвөн жилийн өмнө хужаагийн оршуулгын цаас гэж хашгиралдаж байсан ялсан монголчууд өнөөдөр цагаан сонголтыг уриалах болсон нь ч ийм учиртай юм.
Сценарийг нь харвал Х.Баттулга Ардчилсан намд аврагчийн дүрээр алхаж орох, аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүүтэй Сонгинохайрхан дүүрэгт хүч үзэх биз. Н.Энхбаярын эрх хүүг биш экс Ерөнхийлөгчийг гишүүнээр сонгох магадлал өндөртэйг тэр мэдээж тооцоолсон байх. Х.Баттулга ясны тамирчин бас наймаачин хүн. Хэзээ хаана мэхээ хийж барьж ахиулахаа аль хэдийнэ тооцсон суугаа биз. Цаашлаад Ардчилсан намыг өөртөө авчихвал Х.Баттулгын дараагийн сонирхол нь Монгол Улсын Ерөнхий сайд болох. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө чөлөөлдөг, сайд нараа томилдог том эрх мэдэлтэй болсон билээ. Ерөнхий сайдын мэдэлд АТГ, ТЕГ ирсэн. Тэгэхээр 2024 оны сонгуульд Х.Баттулга "багаа" олонх болгож, өөрөө Ерөнхий сайд болохын тулд Төрийн ордноос явсан өдрөөсөө л улс төрөө хийнэ.
Тиймээс Женко ардчилсан намынхан энэ удаад Ардчилсан намын болон С.Эрдэнийн эсрэг хар хүчээ тавьж байна. Үндсэндээ, Ардчилсан нам үзэл бодлын нэгдэл байх, үгүй бол “Женко” группын охин компани болох сонголттой нүүр тулж мэднэ. Яг л жүдогийн холбоо, эсвэл МоАХ шиг загалмайлсан эцэгтэй болно гэсэн үг.
Ардчилсан намын залуус өдгөө арагшаа суугаад С.Эрдэнийгээ элэглэж байна. Гэхдээ маргааш уйлах цаг тэдэнд ирж мэднэ.
МАН-ЫН ХЯМРАЛ
МАН-ын төдийгүй Монголд жинхэнэ хямрал наадмын дараа л эхэлнэ. Эдийн засаг, эрүүл мэнд талаасаа тун хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна. Дайрин дээр давс үрж, эрх баригчдын дунд том зодоон явагдана. Эхнээсээ ч зодолдоод эхэлчихсан.
Эрх баригч намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялсан ч эс ялсан ч намынхаа тамгыг өгнө. Хэдийгээр өнгөрсөн нэгдүгээр сард засгийн тамгаа дүүдээ өгсөн ч хөшигний араас УИХ-ыг Засгийн газартай нь удирдаж ирсэн. Ерөнхийлөгч болбол албан ёсоор Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроо даргалана. Гэхдээ мэдээж, тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэвээр байх юм бол шүү дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 хоног дээр намаа авах сонирхолтой байгаагаа ил шулуухан зарласан. Түүний ард “Херо” байгаа. “Херо”-гийн ард Женко Баттулга ч байгаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч Х.Баттулгатай харилцаагаа муутгах сонирхолгүйгээ зуу хоногийн төрсөн өдрөөрөө хэлсэн. У.Хүрэлсүх аав талаасаа Хэнтийнх, ээж талаасаа Говь-Алтайнх гэдэг. Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёр хоёулаа түүний “нутгийн дүү” нар гэсэн үг. Г.Занданшатар түүний “амин найз”. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшихээс ч хэцүү сонголттой нүүр тулах нь. Унасан ч, ялсан ч, хүссэн ч эс хүссэн ч МАН-ын дараагийн даргыг тодруулахад тэр оролцох болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төр сонирхол татаж байна. Бүр Ерөнхийлөгчийн сонгуулиас ч илүү дажин болно. Засаг ч ганхаж мэднэ.Л.Оюун-Эрдэнийн засгийг "түр" гэж тооцсон болохоор МАН-ын ах нар нь сайн дураараа сайдын суудлаас татгалзсан байх.