Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Намуудын НАЙМАА

Намуудын НАЙМАА

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор улс төрийн намууд  хөдөлгөөнд оров. Тухайлбал, МАН, МАХН-ын дарга нар хамтын ажиллагааны гэрээнд дөрөвдүгээр сарын 29-нд  гарын үсэг зурсан. Улмаар МАН татан буугдах хүсэлтээ  тавдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр /2021.05.28/ Улсын дээд шүүх МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлтийг хэлэлцэнэ. Тус нам нь намынхаа их хурлыг хийж, намаа татан буулгахыг гишүүд нь дэмжсэнээр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

ЭВ НЭГДЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, ҮЛГЭРЛЭН НЭГДЭЖ БАЙНА

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАН, МАХН нэгдсэн нь улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэн нэгдэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн.  Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. Тодорхой шалтгааны улмаас өөр, өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн" гэв. Мөн тэрбээр МАН-ын удирдах албан тушаалд МАХН-ын 2200 хүн очих болохыг хэлсэн юм.

МАН, МАХН, ХҮН ШИГ ЗҮҮНИЙ НАМ БАЙГУУЛАХГҮЙ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулах шийдвэр гаргаснаа  тавдугаар сарын 12-нд дуулгасан. Түүний хувьд  29 жил зүтгэсэн Ардчилсан намаас /АН/ гарах өргөдлөө өгөөд шинэ нам байгуулж буйгаа зарласан юм.  Энэ талаар Ц.Оюунгэрэл мэдээлэхдээ, “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан АН-аас гарлаа. Ингэхдээ МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Намын нэрийг их олон удаа бодсон Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна. Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгоно. Өөрсдийгөө бүртгүүлээд фракц, цүнх баригч шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно” гэдгийг онцолсон юм. 

Л.ГҮНДАЛАЙ НАМАА ЭХНЭРТЭЭ ШИЛЖҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд АН-ын даргад өрсөлдсөн ч намын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Тэрбээр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн учраас Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая намын даргын бүртгэлээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг нь Улсын дээд шүүх хүлээн авч, тус намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэсэн.  Л.Гүндалай 2015 оны гуравдугаар сард АН-аас гарч, Ард түмнээ хайрлая намыг байгуулсан байдаг. Тэрбээр намаа улсын бүртгэлд бүртгүүлэх үеэр “Үнэндээ нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдэж чадахгүй, ард түмэн цөхөртлөө хүлээлээ. Улс төрийн шинэ хүчин гарч ирж, шинэ бодлого гаргаж ирж, улс орны нийгэм эдийн засгийг өөрчлөхгүй юм бол өнөөдрийн эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаа. Тийм болохоор улс төрийн намууд халаагаа өгч, шинэ намууд гарч ирэх, ард түмэн шинэ сонголттой болох, улс төрийн тавцанд өрсөлдөх боломж өгөх улс төрийн хүчин гарч ирж байна” хэмээн мэдэгдэж байв. Л.Гүндалай нь “ Ард түмнээ хайрлая нам”-ын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж