БНХАУ-д хэдийн 71 гол эргээсээ хальсан тул эрх баригчид үерийн улиралд бэлдэж эхэлжээ. Шинхуа агентлагийн мэдээлснээр цаг уурын албаныхан дэлхийн цаг уурын өөрчлөлт цаашид илүү аюултай цаг агаарын үзэгдлүүд дагуулна хэмээн дүгнэж байгаа гэнэ. Албаныхны мэдээлж байгаагаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хятадын төв болон өмнөд нутгуудаар орсон борооны хэмжээ түүхэн дээд цэгтээ хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар нэмэгджээ.
Улмаар Хөх мөрөн зэрэг голууд эргээсээ хальж, дараагийн хэдэн долоо хоногийн турш усны түвшин улам нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн албаныхны анхааруулж байгаагаас харахад зургадугаар сараас наймдугаар сарын сүүл үе хүртэл үерийн хэмжээ буухгүй бололтой. Ялангуяа Ухань хот болон ойролцоо нутгуудаар дайрч өнгөрдөг хэсэгтээ Хөх мөрний усны түвшин энгийн үеийнхээсээ хоёр метрээр нэмэгдсэн байгаа нь цаашид ноцтой аюул дагуулна хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнгөрсөн жил хур тунадасны хэмжээ 1961 оноос хойш үзэгдсэн хоёр дахь хамгийн өндөр түвшиндээ хүрснээр Хятадын өмнөд хэсэг болон Солонгосын хойгт ноцтой үер болж, ургац хураалтад муугаар нөлөөлсөн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ