Монгол Улсад олимпийн таеквондогийн спортын анхны дэвжээг нээж, Монголын таеквондогийн холбооны тулгын шанг татсан С.Ган-Эрдэнийг спорт сонирхогчид андахгүй. Тэр дундаа таеквондогийнхон түүнийг “Их багш” гэдэг.
Анх Монгол Улсад 20 гаруйхан шавьтайгаар энэ спортын төрлийг эх орондоо нутагшуулж байсан С.Ган-Эрдэнийг таеквондогийнхон спортын салбарт шагналын хур буусан энэ өдрүүдэд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахаар тодорхойлж буй гэнэ. Төвлөрсөн төлөвлөгөөтөөс зах зээлийн нийгэмд шилжиж, цаг үе ороо бусгаа байх үед залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын шинэ төрлөөр хичээллэх боломжийг нээж байсан “Их багш” өнөөдөр 10 мянга гаруй тамирчин тогтмол хичээллэдэг, мэргэжлийн холбоог бий болгохын төлөө ажилласаар иржээ. Тэр ч утгаараа Монголын таеквондогийн холбоо Бүх ард түмний спортын Их наадмын шилдэг холбоогоор хоёр удаа, Монголын үндэсний олимпийн хорооны шилдэг холбоогоор нэг удаа, Монголын бие хамгаалах урлагийн холбоодын аваргаар хоёр удаа тус тус шалгарч байжээ.
“Их багш”-ийн гарын шавь нараас 1996 онд Бельги улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байсан бол өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аварга хоёр, мөнгөн медальт тамирчин хоёр, хүрэл медальт тамирчин найм, Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Зүүн Азийн наадмаас алт, мөнгө, хүрэл медальт нийт 56 тамирчин төрөн гарчээ. Мөн “Рио-2016” олимпын дэвжээнээ манай таеквондочид гайхалтай тулааныг хийж монгол түмнээ омогшуулж байсан билээ.
Холбоотой мэдээ