Сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тулаанууд өнөөдөр/2021.05.27/ Дубай хотноо явагдаж байна. Энэ өдөр Монголын хоёр боксчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа.
Эрэгтэй тамирчдаас эхлээд -52 кг-ын жинд Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад ялагдсан бол -60 кг-д Э.Цэндбаатар Кыргызстаны Мунарбек Сейтбек Уулуг, -69 кг-д Б.Мишээлт Афганистаны Амири Хусейнийг хүнд цохилтоор тус тус ялж, шилдэг дөрөвт шалгарлаа. Харин -75 кг-д О.Бямба-Эрдэнэ бэртлийн улмаас рингэнд гарсангүй.
Азийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалж, тэмцээний эхний өдөр О.Өнөболд -49 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангасан. Мөн -56 кг-д Х.Энх-Амар Афганистаны боксчинг, -64 кг-д Б.Чинзориг Казахстаны Закир Сафиуллинг тус тус ялж, шилдэг дөрөвт үлдсэн бол -91 кг-д С.Эрдэнэбаяр Кыргызстаны тамирчинд ялагджээ. Харин эмэгтэйчүүдийн -51 кг-ын жинд Л.Алтанцэцэг Тажикстаны боксчинг илт давуу ялсан бол О.Есүгэн Энэтхэгийн тамирчинд, М.Намуун Казахстаны тамирчинд тус тус ялагджээ.
Холбоотой мэдээ