Монгол Улсын иргэн бүр боловсрол эзэмших, насан туршдаа суралцах тэгш боломжоор хангагдах эрхтэй билээ. Гэтэл жил бүр сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг мөн ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ дутмаг хэвээр байна. Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл эхлэхээс өмнө байр, сууцны асуудлыг шийдвэрлээгүйн улмаас харьяаллын дагуу хүүхдүүдээ ч авч чадахгүй тохиолдол олон гардаг.
Тухайлбал, 2020 онд улсын хэмжээнд 63 цэцэрлэг нэмж баригдаж, ашиглалтад орсон хэдий ч өнгөрсөн оны наймдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар анги танхимын хүрэлцээгүй зарим цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар ажиллаж байгаа тухай мэдээлсэн. Мөн 3-4 настай хүүхдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулах боломжгүй гэдгийг ч хэлж байсан. Улсаас боловсролын салбарт тодорхой хэмжээний төсвийг тусгаж өгдөг атал тэрхүү шинээр баригдсан цэцэрлэг, сургууль нь зорилтот бүлгийн бүх хүүхдийг тэгш хамруулж чадахгүй байгаа юм.
2019 онд нийт хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамрагдсан. Их тоо мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр цэцэрлэгийн насны хүүхдээ гэртээ харж буй олон мянган эцэг эхийн хувьд хамгийн тулгамдсан асуудал. Харьяаллын дагуу цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа ч сугалаагаар хүүхэд нь тэнцээгүй тохиолдолд аз сорьсон шийдвэрийн золиос нь аав, ээжүүд өөрсдөө болдог.
2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар БШУЯ төлөвлөсөн байна. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэн ч хүүхэд бүр боловсролын байгууллагад тэгш хамрагдах эрхээ эдэлж чадахгүй.
Хүүхдээ бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарлаж, цэцэрлэгийн гадаа гэртээ харилгүй хэд хоносон ч цэцэрлэгт хүүхдээ хамруулж чаддаггүй. Цэцэрлэгт хамруулах боломж хязгаарлагдмал байгаа учраас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, гэр бүлийнх нь орчинд хөгжүүлэх чиглэлийг бэлэн болгосон гэж хичээлийн шинэ жил эхлэхээс хэд хоногийн өмнө хэлдэг улиг болсон мэдэгдэл нийслэлд төдийгүй орон нутагт ч тогтжээ. Эцэг, эхчүүд үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулж байж ажил хийж, орлоготой байх боломж бүрдэнэ. Гэтэл улсаас гаргаж байгаа шийдвэр нь бага насны хүүхдээ аав, ээж нь гэртээ хөгжүүлэхээс өөр сонголт олгохгүй байна.
Цэцэрлэгийн нэг бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байх ёстой ч Монгол Улсын ихэнх цэцэрлэгт энэ зохицуулалт хэрэгждэггүй. 2021 онд 10 цэцэрлэг нэмж барихаар болсон ч энэ нь эрэлтийг хэрхэн зохицуулж чадах эсэх нь тодорхойгүй юм. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас болж багш нарт үүсэх ачаалал нэмэгдэж нэг ангид 40-45 бага насны хүүхэдтэй харилцах шаардлага үүсдэг.
2020 онд Covid-19 цар тахалтай холбоотойгоор танхимын сургалтад хамрагдах цэцэрлэгийн нэг бүлгийн хүүхдийн тоог 20-25 байлгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор ойролцоох хувийн хэвшлийн цэцэрлэгийн сул орон зайг ашиглаж, 5087 хүүхдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар сургах шийдвэр гаргаж байсан. Гэхдээ 3-5 насны хүүхдүүд харьяаллынхаа дагуу буюу хамран сурах тойргийнхоо хүрээнд цэцэрлэгт хамрагдах эрхээ эдэлж чадахгүй байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр шийдэгдэж, жилд 140 объект ашиглалтад оруулсан тухай БШУЯ-наас мэдээлсэн. Тухайлбал,
2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Нийслэлийн алслагдсан төдийгүй төвийн дүүргүүдэд ч бодит байдал дээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж гэртээ цоожлогдон үлдэж буй олон жишээ бий. Мөн гурван ээлжээр хичээллэсний улмаас оройтож тарах гудамж талбайд дээрэмдүүлэх, хэн нэгний халдлагад өртөх эрсдэл ч үүсдэг.
Хүүхдүүдийн хувьд ахуйн гэмтэл авах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, үл хайхрагдах тохиолдлуудыг нэрлэж болох бол эцэг, эхчүүдийн хувьд ажил, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагддаг. Ингэснээр өнөөх халамжийн бодлогыг дагаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Боловсролын салбарт бодлогын төдийгүй бодит байгууламж, байр, сууцны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тохиолдолд хүүхдийн эрхийг төр өөрөө мартаж байгаа хэрэг. Тиймээс салбарын удирдлагууд хүүхэд бүрийг боловсролын байгууллагад тэгш хамруулах тал дээр гэрийн хүмүүжлээс илүү дээр арга байгаа эсэхийг судалж, ихэнх хувийг бус бүх хүүхдийг шат шатны боловсролын байгууллагад зайлшгүй хамруулах шаардлагатай. Цар тахлын хүндхэн үе дуусч хэвийн амьдралтай болох цаг хугацаа ойртож байна. Энэ намар хичээлийн шинэ жилийг эрт эхлүүлэх шийдвэр гарсан учраас бүтээн байгуулалтууд ч тодорхой хугацаанд, даруйхан хийгдэх шаардлага үүсч байгааг сануулая.
Холбоотой мэдээ