Улс төрийн золиос болсон олимпийн "босс"

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Улс төрийн золиос болсон олимпийн "босс"

Улс төрийн золиос болсон олимпийн "босс"

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа IOC буюу Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахыг онцолж байна. Тэрбээр багадаа хөлбөмбөгийн спортод дурласан ч аав ээжийн үгнээс гаралгүй туялзуур сэлэмний спортоор хичээллэж, хожмоо олимп, дэлхийн аварга болсон баруун Германы алдартай тамирчдын нэг. Харин одоо Томас Бах олимп, олимпизмийн хөдөлгөөнийг дэлхий нийтэд таниулах, дэлгэрүүлэх ажлыг хариуцаж яваа хүндэт нэгэн болжээ.  


 ЭЭЖ ААВЫН ҮГЭНД ОРСОН НЬ

Баруун Германы Вюрцбург хотод мэндэлсэн Томас Бах 22 нас хүртлээ Таубербишофсхайм хотноо эцэг эхтэйгээ хамт амьдарчээ. Тэрбээр бусад Герман хүүхдүүдийн адил багадаа хөлбөмбөгийн спортод дурласан гэнэ. Энэ талаараа Бах “Өглөөнөөс үдэш хүртэл гудамжинд хөлбөмбөг тоглодог байлаа. Цэцэрлэгт өнгөрүүлсэн хугацаа тун бага” хэмээжээ. Гэвч аав ээж нь хүүгээ хөлбөмбөгчин болгохыг хүссэнгүй. Тэд Бахыг хотынхоо туялзуур сэлэмний клубд элсүүлсэн аж. Томас Бах нэгэн ярилцлагадаа “Аав, ээж бид гурвын дунд ширүүн маргаан өрнөж, би уйлж байлаа. Уйлаад ч нэмэргүй байсан. Эцэст нь би тэдний үгэнд орж тулязуур сэлэмний клубд элссэн” гэв. Ийнхүү түүний олимп, дэлхийн аварга болох цаашлаад олимпийн “босс” болох аялал эхэлсэн юм.

ОЛИМПИЙН АВАРГА

Туялзуур сэлэмний спортоор шаггүй хичээллэж, баруун Германдаа танигдсан Бах 1973 оны Шведед зохион байгуулагдсан туязуур сэлэмний дэлхийн аваргад улсаа төлөөлөн оролцов. Харамсалтай нь, хөнгөн сэлэмний багийн төрөлд алтан медалийн төлөө ЗХУ-ын шигшээ багт ялагдаж, мөнгөн медалийн эзэн болжээ. 20 настай Бахын хувьд энэ нь чамлахааргүй амжилт байлаа. Гэвч Бах болон түүний багийнхан 1974, 1975 онуудын дэлхийн аваргаас ганзага хоосон буцав. Хоёр дэлхий аваргад хангалтгүй оролцсон баруун Германы туялзуур сэлэмний шигшээ багт 1976 оны Монтреалийн олимпоор итгэл хүлээлгэсэн хүн тун цөөн.

Тэд хэсэгтээ Францын шигшээ багт хожигдож, хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч, Польшийн шигшээг буулган авчээ. Ийнхүү хагас шигшээд хүчирхэг ЗХУ-ын багтай таарав. 1973 оны дэлхийн аваргын финалд таарч байсан хоёр баг даагаа нэхэхээр дахин учирлаа. Энэ удаад өмнөхөөсөө илүү туршлагажсан баруун Германы баг илүүрхэж, алтан медалийн төлөө Италийн шигшээг мөн ялж, 1976 оны олимпийн аваргууд болов.

Доод эгнээний голд, нүдний шилтэй нь Томас Бах

Олимпийн аварга болсныхоо яг дараа жил нь буюу 1977 онд Буэнос Айрес хотод зохион байгуулагдсан дэлхийн аваргад Томас Бах багийн нөхөдтэйгөө оролцож, дутуугаа гүйцээж, дэлхийн аварга болов.

Томас Бах олимпийн аварга болсон талаараа “Хүн олимпоос алтан медаль хүртээд зогсч байхдаа юу туулснаа, мөрөөдлөө биелүүлсэн гэдгээ ч ухаарч амждаггүй юм байна лээ. Энэ талаар ярихаар одоо ч миний шар үс босч байна. Би цэнгэлдэхэд байсан хүмүүс рүү хэлж байсан нэг л өгүүлбэрээ сайн санадаг юм. ‘Та нар надад олимпийн аварга болох ямар гайхалтай болохыг мэдрүүллээ" гэж хэлж байсан хэмээн ярьжээ.

ОЛИМПИЙН БОСС

1976 оны олимпоос алтан медаль хүртсэн Бах болон түүний багийнхан 1980 оны олимпоор аварга гэх эрхэм хүндтэй цолоо хамгаална, дахин алтан медаль хүртэнэ гэсэн тэмүүлэл дүүрэн бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Гэтэл баруун Герман Афганистаны асуудлаас болж Москвад зохион байгуулагдах 1980 оны зуны олимпийг бойкотлоно гэдгээ зарлаж, Бахын хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үгүй хийв. Энэ л үйл явдлаас улбаалан Томас Бах тамирчдыг улс төрийн золиос болохоос сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлжээ.

Тэрбээр 1983 онд Вюрцбургийн их сургуульд хууль зүйн ухааны доктор цолоо хамгаалж, бэлтгэлийн залнаас бус бичиг хэргийн оффисоос олимп, спортыг хөгжүүлэх ажилдаа шамдан оржээ. Хоёр Герман нэгдсэний дараа буюу 1991 онд Бах олон улсын олимпийн хорооны гишүүн болж, тус хорооны дэд ерөнхийлөгчөөр гурван удаа ажилласнаас гадна хуулийн хэлтэс, допингийн эсрэг албыг толгойлж байжээ. Улмаар 2006 онд DOSB буюу Германы олимпийн спортын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, 2013 он хүртэл ажилласан аж.

2013 оны тавдугаар 9-ний өдөр Томас Бах олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлав. Түүнтэй Украины домогт тамирчин Сергей Бубка, Кубын бизнесмен Ричард Каррион, Сингапурын дипломатч Нг Сэр Миан, Швейцарийн спортын зүтгэлтэн Денис Освалд, олон улсын боксын холбооны тэргүүн асан Тайванийн Ву Чин Куо нар өрсөлджээ. 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр Буэнос Айрес хотноо олимпийн хорооны 125 дахь чуулган явагдаж, Томас Бах эхний санал асуулгаас 43 санал, хоёр дахь санал асуулгаас 49 санал авч илт тасархай тэргүүлж, олимпийн хорооны “босс” болсон юм.

АСУУДАЛ ДАГУУЛСАН АЛБАН ТУШААЛ

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч болсон Томас Бахаас элдэв янзын асуудлууд, хэрүүл шуугиан салаагүй. Эхлээд Сочигийн өвлийн олимп асуудал дагуулав. Анхны төсвөөсөө хэд дахин хэтэрсэн зардал, дэлхийн дулаарал гээд олон ярвигтай зүйлс гарч ирсэн. Удалгүй Оросын допингийн булхай илэрч, Томас Бах хамгийн том буруутан нь болов. Олон улсын спортын зүтгэлтнүүд Бахыг анхнаасаа Оросын допингийн хэргийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн, авлигал авдаг, Оросын компаниудын хандивт нүд нь сохорсон гэх мэтээр шүүмжилж эхлэв. Харин Бах хариуд нь 2018 оны өвлийн олимпийн нээлтэн дээр “Дүрмээ дээдэлж, цэвэр шударга өрсөлдөцгөөе” хэмээн уриалж байлаа.

Үүгээр асуудал намжсангүй. Бах авлигалын хэрэгт дахин холбогдов. Их Британийн "The Guardian" сонины сэтгүүлч Оуэн Гибсон түүнийг Азербайжанаас авлигал авч, 2015 оны Европын наадмыг тус улсад зохион байгуулах эрхийг өгсөн хэмээн буруутгажээ. Гэвч энэ хэрэг удалгүй хаагджээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн Токио-2020 олимпийг тойрсон асуудал, маргаанууд ар араасаа гарав. Томас Бах Токиогийн олимпийг цуцлахгүй эсвэл хойшлуулахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа. Харамсалтай нь, Японы ард иргэд эсэргүүцлээ улам л илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж