Токио-2020 олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр/2021.05.26/ Австрийн Грац хотноо эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын эрэгтэй шигшээ хоёр чухал тоглолтыг хийсэн. Эхний тоглолтоо Монголын шигшээ дэлхийн аваргын хүрэл медальт, хүчирхэг Польшийн шигшээ багийн эсрэг хийж, 22-18 гэсэн харьцаатай ялалт байгуулав.
Тоглолтын эхнээс л Польшийн баг тэргүүлж эхэлсэн бөгөөд Монголын шигшээ онооны зөрүүг холдуулалгүй барьж чадсан. Тоглолтын төгсгөлд Г.Цэнгүүнбаярын ээлж дараалсан алсын зайн шидэлтүүд байндаа тусч, Монголын шигшээ хэсгийнхээ хүнд учраануудын нэгийг буулган авлаа.
Хоёр дахь тоглолтоо Монголын баг Туркийн эсрэг хийж, 21-13 гэсэн харьцаатай хожив. Тоглолтын эхнээс хоёр баг ээлж дараалан оноо авч эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн бол тоглолтын төгсгөлд Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар алсын зайн шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэж, Монголын баг хоёр дахь хожлоо байгууллаа. Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар Монголын баг хоёр хожилтой, хоёр тоглолтонд нийт 43 оноо авсан гэх үзүүлэлтээр А хэсгээ тэргүүлж эхлэв. Тэдний араас мөн хоёр хожилтой Бразилын шигшээ удаалж байна.
Монголын баг дараагийн тоглолтуудаа Чех болон Бразилын шигшээ багуудтай хийнэ. Ялангуяа Бразилын шигшээ багтай хийх чухал тоглолт хүлээж байна.
Холбоотой мэдээ