Ковидгүй зун ч лөөлөө болох нь!

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

Ковидгүй зун ч лөөлөө болох нь!

Ковидгүй зун ч лөөлөө болох нь!

Лхагва гаригийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар 7831 хүнээс шинжилгээ авснаас 680 нь халдвар авсан нь батлагдсан тухай мэдээлэв. Энэ нь шинжилгээ өгсөн 10 хүн тутмын нэг covid-19-ийн халдвартай байна гэсэн үг. Товчхондоо, PCR-ийн шинжилгээний цэгүүдээ цөөлсөн болохоос  үнэн чанартаа халдварын эрсдэл, тархалт огт хумигдаагүйг тоо хэлж байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр халдварын эрсдэл буурахгүй бол дахин хатуу хөл хорьж болзошгүйг анхааруулжээ. Гээд дүрэм, журам гаргагчид нь дүрэм журмаа дагахгүй болохоор мянган удаа хөл хориод ч нэмэргүй.

“Хамгийн сүүлчийнх” гээд хэчнээн ч удаа хөл хорив.  Үндсэндээ, өнгөрөгч Даваа гаригаас дарга нь, цэрэг нь, иргэн нь, эрх баригчид нь цар тахлыг аль хэзээний давчихсан аятай хөлхөлдөж, тэврэлдэж, холхилдож, холилдоцгоож явна.

Үлгэрлэл, дуурайлал үзүүлэх ёстой Ерөнхийлөгч нь хүртэл зай барих нь бүү хэл, амны хаалтгүй  ангайгаад  шагнал бөөндөж, хүний бөөгнөрөл үүсгэхээр чинь яаж халдварын тархалт буурах вэ дээ.  Файзер шахуулчихсанаа ард иргэддээ гайхуулаагүй бол Ерөнхийлөгч нь ч, ердийн иргэн нь ч адилхан амны хаалтаа зүүж, зай барих ёстой. Атал хөдөө явсан ч, шагнал тараасан ч Ерөнхийлөгч нь амны хаалтгүй явах нь улстөржилт уу, угийн мунхагийнх уу. Эсвэл энэ covid-19 Монголын эрх мэдэлтнүүдээс айдаг вирүс үү.

Бүрэн эрхийнх нь дөрвөн жилийн хугацаа нь зургадугаар сарын 9-нөөр дуусгавар болох Х.Баттулга ёстой баруун солгойгүй одон, медаль тарааж байна. Долоо хоног болгон Төрийн ордны өмнө бөөн хүн цуглуулж, өндгөө өвдтөл энгэрийг нь цоолдог ажилтай болсон.  Давхар covid-19 тараачихгүй бол Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх юм даа.

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэхтэй зэрэгцээд 14 хоног covid-19 амралтаа авчихсан бололтой, нэр дэвшигчид гар хөлөө барилцаад тэврэлдээд яваа харагдана.

Нэр дэвшигчдийн уулзалтыг задгай талбайд явуулна, иргэд хоорондын зайг бариулна, битүү орчинд агааржуулалт ашиглана гэсэн Сонгуулийн ерөнхий хорооны үгийг “гөлөөг” ч гэж тоосонгүй. СЕХ нь гаргасан дүрэм журмаа мөрдүүлж байгаа юм алга.

ЭМЯ-ны мэдээг үзэхээр цар тахлын эрсдэл өндөр, иргэдийн амь насанд заналхийлсэн хэвээр сонсогдох. Монгол Улсад батлагдсан тохиолдол 54 мянга давсан. Хүнд, маш хүнд хүний тоо  өндөр, нас баралт өдөр болгон бүртгэгдэж байна.  Covid-19 агаар дусал, амьсгал, гар хөл, нүдээр хүртэл дамжин халдварлаж буйг ДЭМБ сануулсаар ирсэн.  Атал нэр дэвшигчдийн уулзалтын лайв, фото зургийг харахад Монголд цар тахал  тархсан нь үнэн юм уу гэмээр л байна.

Нэр дэвшигчид нь бээлийгүй гараараа иргэдтэй гар барилцаад л явах. Нэр дэвшигчид халдвартай байгаад хэн нэгэнд covid-19 тараахгүй эсрэгээрээ халдвартай иргэнтэй нүцгэн гар барьж, халдвар авахгүй гэсэн аль, аль баталгаа байхгүй.

УОК-ын мэдээлснээр улсын хэмжээнд covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаа 1,8 сая хүн, үүнээс 900 мянга орчим нь хоёр тунгаа хийлгэсэн ч халдварын тархалт болоод эрсдэл өндөр байгаа. Хоёр тунтай иргэд ч халдвар авч байгаа тул амны хаалтаа зүүж, зай барихыг ЭМЯ өдөр болгон сануулж байна.  Гэтэл бүгд “титэмт”-ээ мартчихаад титмийн төлөө “алалцаж” байна.

Сонгуулийн энэ дүр зургийг харахад  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амалсан ковидгүй зун ч лөөлөө болох дэг.  Үндэсний их баяр наадмаар цэнгэлдэхдээ бөхөө үзээд, морио уралдуулна гэдэг ч бараг үлгэр болох шинжтэй. Д.Нямхүү эмчийн хэлдгээр сонгуулийн дараа ч та нарыг солиоруулна гээд хоорондоо ярилцаад сууж байгаа байлгүй, нөгөө вирүсүүд нь. Сонгууль 14 хөн хоногт болоод л өнгөрнө, цар тахлыг  эрүүл мэнд, эдийн засаг талаасаа хохирол багатай давж туулахад бүр ч хэцүүдэж мэдэх нь байна шүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж