Тяньжинд гацсан Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй!

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

Тяньжинд гацсан Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй!

Тяньжинд гацсан Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй!

Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хилээр нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн саарч, БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсад ирэх ёстой ачаа бараанууд гацсан хэвээр байна. Тус боомтод өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр очсон чингэлгүүд өнөөдрийг хүртэл ямар ч хөдөлгөөнгүй зогсчээ. Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тус боомтод энэ сарын эхээр 5200 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүссэн талаар мэдээлсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа түүхий эдийн хомсдол үүсэх, цаашид барааны үнэ өсөх, улмаар Монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Чингэлэг түрээсийн төлбөр өдрийн 10-50 ам.доллар. Дээр нь хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл учирч буй бөгөөд чингэлэг тус бүрт доод тал нь 300-400 ам.доллар төлөх болоод буй юм байна. Энэ сарын 18-ны өдрөөс далайн тээврүүд үнээ нэмцгээж, цаашид дахин нэмэх тухай мэдээлэл ч өгсөн байна.

Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед тус боомтод 5-7 хоноод чингэлэг наашаа тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болжээ.

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн мэдээлснээр, Монгол руу өдөрт чингэлгийн зориулалтын нэг галт тэрэг Хятадаас хөдөлж буй бөгөөд түүгээр 60 чингэлэг гардаг. Гэвч өдөрт 100 гаруй чингэлэг нэмэгдэж байгаа аж. Энэ асуудалд шийдэл олохоор холбогдох албаныхан ярилцаж, уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын талтай хилийн ачаа тээврийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буй юм.

Төвлөрөл, бөөгнөрлийг бууруулахын тулд Монгол руу чингэлэг зөөх галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Өдөрт хоёр галт тэрэг явуулбал 20 гаруй хоногт төвлөрлийг бууруулах боломжтой гэж албаныхан тооцоолжээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, ЗТХЯ-ны харъяа Далайн захиргаа, МТЗНХ болон Удирдах зөвлөлийн гишүүд Тяньжин боомтын чингэлгийн бөөгнөрлийн асуудлаар тавдугаар сарын 25-ны өдөр цахим уулзалт зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4000 орчим чингэлэг байгаа аж.

Одоогоор Тяньжин боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг гарч байгааг 3-4 болгон нэмэгдүүлэхээр Хятадын тээврийн яам, Хятадын Гадаад харилцааны яам, "Хятадын төмөр замууд" корпораци зэрэг холбогдох газруудад дипломат шугамаар албан хүсэлт тавьж, хариу хүлээж буй юм байна. Улс орнуудад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, царцсан эдийн засаг аажмаар сэргэж байгаа нь Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл үүсэх үндсэн шалтгаан болжээ. УБТЗ-ын Гадаад харилцааны албаны орлогч дарга А.Анарын мэдээлснээр, Тяньжин боомт үндсэн хоёр терминалтай. Том терминалын хувьд төлөвлөгөөний дагуу өдөрт нэг чингэлгийн галт тэрэг, сард 30 чингэлгийн галт тэрэг хөдөлгөдөг байна. Харин жижиг терминал нь өөрийн ачааллаас хамааран хоногт 1-2 галт тэрэг гаргадаг аж. Тяньжин боомтын хоёр терминал нийлээд долоо хоногт 7-10 чингэлгийн галт тэрэг Монгол Улс руу хаяглан хөдөлгөдөг байна.

УБТЗ галт тэрэгний хүрэлцээнээс хамааран ихдээ хоногт 4, сард 120, ердийн үед өдөрт 3, сард дунджаар 90 транзит чингэлгийн галт тэрэгний зөвшөөрөл олгодог аж. Энэ сард дээрх зөвшөөрлийн тоог хоёр дахин бууруулсан ба Хятад талд 62 галт тэрэгний зөвшөөрөл олгожээ.

ЗАМЫН-ҮҮД БООМТООР НЭВТРЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ 50 АВТОМАШИНААР НЭМЭВ

Үүний зэрэгцээ Эрээн-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байна. Монгол Улсын импортын ачаа тээврийн 80 хувь нэвтэрдэг Замын-Үүдийн боомт 20 орчим хоног хаалттай байсны улмаас тус хилийн боомт дээр бөөгнөрсөн ачаа бараа болон тээврийн хэрэгслийн тоо хэдийнэ 1000 давжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, Эрээн хотын авто тээврийн хөлс өмнө нь 8000 юань байсан бол өдгөө 40 мянган юань болж өссөн байна. Мөн Эрээн Улаанбаатар хотын тээвэрлэлтийн хугацаа өмнө нь зургаа хоног байсан нь өдгөө 20 хоног болж нэмэгджээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтай энэ талаар удаа дараа уулзаж, албан хүсэлт тавьсны дагуу Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог энэ сарын 25-ны өдөр 50 автомашинаар нэмсэн билээ. Мөн Элчин сайд бүхий л боломжит арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж