Д.Ганбат: Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ?

Хуучирсан мэдээ: 2021.05.27-нд нийтлэгдсэн

LiveД.Ганбат: Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ?

 

🔴 ШУУД | УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Posted by News.mn on Wednesday, May 26, 2021

 

12 : 00
2021-5-27

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт-ийг хэлэлцэж эхэллээ.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр ямар нөхцөл байдал бий болчихов оо гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу. Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх гээд дандаа МАН-ын хуульчид байдаг болсон. Нууц гэдэг нэрээр татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулдаг хэлбэрээ нууцалдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр хэн баяжиж байна вэ гэдгийг хаацайлж нууж өгдөг. Ийм Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгчид, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд бий болжээ. Та нар хэзээ энийгээ болих юм бэ?

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дуусав. Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 5 дугаар дүгнэлтийг сонссоноор Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

11 : 35
2021-5-27

Д.Ганбат: Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ?

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Тэрбээр "Улаанбаатар хотын хүн ам Монгол Улсын хүн амын 47,5 хувьд хүрсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй ААН-ийн 75,8 хувь нь Улаанбаатарт байнга байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын эдийн засагт үлэмж нөлөө бүхий бизнесийн цогцолбор болоод байна. Улаанбаатарт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй, авто замын ачаалал хэтэрсэн. Цаашид нийслэлд шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байна.
Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлох, эрүүл аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлэх, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх асуудлыг УИХ-ын байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагатай байна. Хуульд Түр хороо байгуулж болно гэж заасныг үндэслэн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хот өөрөө бие даан шийдвэрлэх эдийн засгийн чадвартай, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлд түлхүү ажиллах болно. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье" гэв.

Хууль санаачлагчийн итгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Ийм чухал асуудлаар ганцхан би асуулт асууж байгаад харамсалтай байна. Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ? Би нэг хоёр жилийн дараа байдал өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна. Та нар ээлжит хууралтаа л хийж байна. Өнгөрсөн хугацаанд танай баян гишүүд л сайхан амьдарсан. Улаанбаатар хотын иргэд хэцүү амьдарч байна. Гэр хороолол ямар байна вэ? Камер тавихаа мэдэхээс биш гэрэлтүүлэг тавихгүй байна. Би та нарыг 2024 онд үнэхээр луйвар хийчихгүй бол дахиад сонгогдоно гэж итгэхгүй байна. Миний минутыг битгий хасаад байгаарай. Зориуд тэгээд байдаг юм уу? Өнгөрсөн хугацаанд танайхаас М.Энхболд, Э.Бат-Үүл нар л гайгүй ажиллаж байсан. Одоо та нар элгийн ажиллаж байна. Зайсан, гэр хороолол хоёр талын гамшгийн туйл болчихоод байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 

-Аз жаргалтай байя гэдэг буруу биш ээ. Аз жаргалтай амьдаръя гэдэг бидний тэмүүлэл. Та 2024 оныг яриад байна. 2024 он яах вэ. Өнөөдрөөрөө байя. Тогтоолын төсөл санаачлагчид өөдрөг байна. Төлөвлөлтөө шийдэхгүй бол 2024 онд та гараад ч барьж дийлэхгүй ээ. 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-АН-ын, МАН-ын Улаанбаатар гэж байхгүй. Өөдтэй өнгөтэй болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: 

-Тогтоолын төслийг дэмжиж баайна. Улаанбаатарт тулгамдсан асуудал их байна. Агаарын бохирдол, орчны бохирдол, нийгэм эдийн засгийн асуудал гээд зайлшгүй шийдэх асуудал олон байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах ёстой гэж бодож байна. 2016 оны намар хуулийн төслийг өргөн барьсан, одоо яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Ингэж байж Д.Ганбат гишүүний хэлсэн хэрэгжинэ гэж бодож байна. Улаанбаатар хотыг удирдах хугацаандаа МАН алдаа, оноотой шийдвэрүүд гаргаж ирсэн. Тогтоолын төслийг хэлэлцээд өгөөрэй гэж хүсэх байна. 

Гишүүд асуулт асууж, үг, санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд 53 гишүүн оролцож, 38 нь дэмжсэнээр 71.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

11 : 17
2021-5-27

Хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүний 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (эцсийн хэлэлцүүлэг)-ийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Ажил хийж байгаа хүмүүст дарамт их ирж байна. Хажуугаар нь шимэгч их байна. Шимтгэлээ бүр багасчихвал яадаг юм бэ.  Нийгмийн даатгалд асар их мөнгө төлдөг. Ашиг шимийг нь хүртдэггүй. Баахан халамж авагч, баахан ажилгүйчүүд. Нүд хуурсан 2 хувийг багасгаад, жинхэнэ ажил хийж байгаа хүмүүст дарамттай хэвээр байна. Монголчуудын дундаж наслалт 62, энэ насандаа тэтгэвэрт гараад ашиг шимийг нь хүртэхгүй байна. Одоо Халамжийн яам гэдэг нэрийг нь оруулсан нь дээр байх. Хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа юм алга. 3 хувийн зээл хэрэгтэй хүндээ очоогүй байна. Хөдөлмөр эрхлэгчдээ дэмжиж байгаа бодлого алга байна. Эцсийн эцэст хүнд байдалд орсны дараа ийм халамжийн бодлого явуулах амархан.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Д.Ганбат гишүүн та өмнө нь гишүүн байсан. Та болон танай намд засах боломж байсан. Манай нам өнгөрсөн 4 жил одоо ч хөдөлмөрийг дэмжсэн бодлого явуулж байна. Нийгмийн даатгалыг хувийн тэтгэврийн тогтолцоо, гэр бүлд нь уламжилдаг байх гэх мэт олон улсын стандартын бодлого явуулахаар хэлэлцэж байна. Таны хэлж байгаа 3 хувийн зээлийг үнэхээр анхаарч байгаа. Энэ яг зорилтот эзэндээ хүрч байна уу гэдэгт хяналт тавьж байна. Монголбанкинд бид чиглэл өгөөд, иргэндээ хүрч байна уу үгүй юу, зөвхөн үл хөдлөх барьцаална гэсэн өндөр шалгуур тавиад байгааг шинэчилж, тоног төхөөрөмж зэрэг барьцаалах уян хатан нөхцөлтэй зээл болгох зэрэг иргэдэд хүргэх боломжоор хангах тал дээр анхаарч ажиллаж байна.

Төслийг эцсийн байдлаар батлуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)-ийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариулт өглөө. Зарчмын зөрүүтэй нэг санал гарсныг хэлэлцэж, санал хураав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

22 : 53
2021-5-26

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр (2021.05.26) -ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороо байгуулах тухай,
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж