Сүүлийн үед Энэтхэгт шинэ халдварын тоо огцом нэмэгдэж, нийт халдварын тоо 26 сая болжээ. Тийнхүү Энэтхэг орон дэлхийн хамгийн том халдварын голомтуудын нэг болж, нийт халдварынхаа тоогоор АНУ-ын араас хоёрдугаарт жагсч байна.
Ялангуяа цар тахлын халдварын хоёрдугаар үе эхэлсэн сүүлийн хэдэн долоо хоногийн турш эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй гадаа нас барж, эм, хүчилтөрөгчийн хомсдол даамжирч тун хүнд нөхцөл байдал үүсээд байв.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш эрс нэмэгдэж байсан хоног тутмын шинэ халдварын тоо энэ долоо хоногт анх удаа 200 мянгаас доошилсон нь цар тахлын хоёрдугаар үе дуусч буйн дохио хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
ХАЛДВАРЫН II ҮЕ ДУУСЧ БАЙНА УУ?
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Энэтхэгийн дотоод дахь халдварын тоо буурч эхэлсэн нь цар тахлын хоёрдугаар үе дуусч байгаагийн илрэл мөн гэжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 14-нөөс эрс нэмэгдэж эхэлсэн халдвар оргил үедээ долоо хоногийн дунджаар 392 мянга хүрч байсан бол эрүүл мэндийн эдийн засагч Рижо М Жоны тайлбарлаж байгаагаар сүүлийн хоёр долоо хоногийн турш тогтмол буурч байгаа гэнэ. Хэдий Энэтхэгийн халдварын ерөнхий тоо дээрх байдлаар буурч байгаа нь үнэн боловч муж бүрт байдал харилцан адилгүй байна. Жишээлбэл, Махараштра, Дели, Чхаттисгарх мужуудад халдварын тоо буурч байгаа боловч Тамил, Наду тэргүүтэй зүүн умард нутгийн ихэнх хэсэгт халдвар үргэлжлэн нэмэгдэж, Андра Прадеш, Венгал мужуудад байдал ямар байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Үүнээс харахад халдварын тоо хараахан буурч эхлээгүй байгаа газрууд ихэвчлэн улсын зах хязгаар хэсгийн эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй сул мужууд байгаа бол ихэнх том хотуудад халдварын тоо тогтмол буурч байна.
Иймд Энэтхэгт цар тахлын хоёрдугаар үе үнэхээр дуусч байгаа эсэх дээр олон эрдэмтэд өөр өөр байр суурь илэрхийлж, нэгдсэн хариултад хүрээгүй байгаа юм. Хэдий тийм ч улсын нийт халдварын тоо буурч байгаа нь хоёрдугаар үе дуусахад ойрхон байгаагийн шинж хэмээн олонх эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа гэнэ.
ВИРУСИЙН ҮРЖИХ ЧАДВАР ХЭР БАЙНА ВЭ?
Вирусийн нөхөн үржих чадварын тоон үзүүлэлт буюу R0 бол аливаа өвчний тархах чадварыг үнэлэх хамгийн түгээмэл арга юм. Энгийнээр хэлбэл, R0 гэдэг нь халдвар авсан нэг хүн дунджаар хэдэн хүнд халдвар тараасан тухай тоон үзүүлэлт юм.
Эл тооцооллыг хийхдээ халдвар авсан нэг хүн эмнэлэгт тусгаарлагдах, эдгэх, эсвэл нас барахаасаа өмнө хэдэн хүнд халдвар тараасныг ерөнхийд нь тоолж, дундажладаг аж. Харин эх сурвалжийн баталснаар Энэтхэг дэх вирусийн R0 тоо тавдугаар сарын 9-нөөс эхлэн дунджаар нэгээс цөөн болсон байна.
ХАЛДВАРЫН ХОЁРДУГААР ҮЕ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Энэтхэгт цар тахлын эхний үе харьцангуй удаан үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үеийн эрчим өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн ч бүрэн намжихгүй явсаар энэ оны хоёрдугаар сард хоёрдугаар үе эхлэх хүртэл үргэлжилсэн юм. Харин хоёр дахь үеийн хувьд өдөр тутмын халдварын тоо харьцангуй хурдан хугацаанд буурчээ. Гэхдээ халдвар буурсан шалтгаан тодорхой бус байгаа юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар вирус аль хэдийн маш олон хүнийг халдварлуулсан байсан нь халдварын тоо хурдан буурахад ихээр нөлөөлсөн байж магадгүй гэнэ. Гэвч чухамдаа энэ удаад тархсан вирус өмнөхөөсөө хувьсан өөрчлөгдөж, өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүнийг ч дахин өвчлүүлэх чадвартай болсон байв.
Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар хоногт бүртгэгдэх шинэ халдварын тоо энэ сарын сүүлээр 150-200 мянгын хооронд хэлбэлзэх бөгөөд долдугаар сарын сүүл үе гэхэд энэ оны хоёрдугаар сарын байдалтай ижил түвшинд хүрэх аж.
Гэхдээ энэ бүхэн хөл хорионы дэглэмийг хэрхэн зохицуулахаас ихээр шалтгаалах юм. Тухайлбал, ДЭМБ-ын зөвлөж байгаагаар дор хаяж 14 хоногийн турш хоногт авч буй нийт шинжилгээний эерэг хариу таван хувиас бага байвал тухайн улс хөл хориогоо сулруулахад аюулгүй гэжээ. Харин Энэтхэгийн хувьд хоногт дунджаар 1.8 сая хүнээс шинжилгээ авч байгаа гэж үзвэл таван хувь буюу хоногт бүртгэгдэх халдварын тоо 90 мянгаас доош бууж байж хөл хориог сулруулахад аюулгүй гэсэн үг юм.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Энэтхэг нөхцөл байдлаа сайтар бодолцож, хөл хориог сулруулах үе шаттай нарийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Мэргэжилтнүүд ч дотор орчинд үйлчилдэг зоогийн газар, уушийн газар, кофе шоп, бялдаржуулах төв гэх мэт халдвар тарах хамгийн өндөр эрсдэлтэй газруудыг нээлгүй азнах шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн олонх мэргэжилтнүүд агаарын солилцоо сайтай гадаа орчинд 10 хүрэхгүй хүн цугларахыг зөвшөөрөхөд аюулгүй хэмээн санал нэгджээ.
Түүнээс гадна хамгийн чухал нь вакцинжуулалтын хурдыг нэмж, вакцинжуулах төвүүдийг олшруулахын хажуугаар явуулын вакцинжуулалтын үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага үүсчээ. Мөн засгийн газрын зүгээс вирусийн шинэ хувилбарын тархцыг нарийн ажиглаж, цаг, хөрөнгө хэмнэх үүднээс ундны ус, бохир уснаас дээж авч, шинжлэх аргыг өргөн хэрэглэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: BBC REUTERS QUARTZ INDIAN EXPRESS
Холбоотой мэдээ