Японы өдөр тутмын сонин "Асахи Шимбүн" Токио-2020 олимпийн албан ёсны түнш бөгөөд өнөөдөр (2021.05.26) гарсан сониныхоо дугаарт ирэх зуны олимпийг цуцлахыг хүсчээ.
Тус сонинд “Бид Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагаас нөхцөл байдлыг тайван, бодитойгоор үнэлж, ирэх зуны олимпийг цуцлахыг хүсч байна” хэмээн нийтэлсэн байна. "Асахи Шимбүн" сониноос гадна Японы эмч нарын зөвлөл болон тус улсын хоёр дахь баян хүн Масаёоши Сон тэргүүтэй хүмүүс олимпийн наадмыг эсэргүүцэж байна.
Масаёоши Сон өөрийн твиттер хуудастаа “Японы иргэдийн 80 гаруй олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хүсэлтэй байна. Гэтэл хэн, ямар зорилго өвөртлөн хүчээр олимп зохион байгуулах гээд байна вэ? Олимпийн наадмыг цуцалвал их торгуульд унана гэдгийг мэдэж байна. Гэвч 200 гаруй улсын вакцины хоцрогдолтой 100 мянга гаруй хүн Японд ирж, мутацилагдсан вирус тараавал юу болох вэ? Бид мөнгөнөөс илүү зүйлээ алдана. Хүмүүс амь насаа алдаж, ДНБ болон хүмүүсийн тэвчээр хатуу хөл хориог тэсэхгүй шүү дээ” хэмээн жиргэжээ.
"Асахи Шимбүн"-ээс гадна "Никкэи", "Маиничи", "Ёмиүри" зэрэг Японы томоохон сонинууд Токио-2020 олимпийн албан ёсны түншээр ажилладаг.
Одоогоор Япон улсын хүн амын ердөө тавхан хувь вакциндаа хамрагджээ. Гэтэл олимпийн нээлтээ хийх хугацаа дөхсөөр байна. Токио тэргүүтэй Японы зарим хотуудад гурав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Тэд гадаадаас ирэх халдварын урсгалыг тогтоож чадсан ч дотоодынхоо халдварын дөрөв дэх давалгаатай өнөөг хүртэл тэмцэж байна.
Холбоотой мэдээ