Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-аас 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хороог (САТХ) өнөөдөр албан ёсоор нээж байна. Сонгууль ажиглах тусгай хороог Монгол Улсын Засгийн газрын урилга болон гуравдугаар сард ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас хийсэн Урьдчилсан үнэлгээний хорооны тайланд үндэслэн байгуулсан болно.
Сонгууль ажиглах тусгай хороог Лолита Чигане (Латви) удирдах бөгөөд олон улсын есөн шинжээчийн бүрэлдэхүүнтэй үндсэн баг Улаанбаатар хотод ажиллана. Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, ардчилсан сонгуультай холбогдох бусад олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжтой нийцэж буй эсэхэд үнэлгээ өгнө. Ажиглагчид нь сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын бүртгэл, сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин, сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явц зэргийг нягт ажиглана.
Ажиглалт хийх явцдаа Сонгууль ажиглах тусгай хороо нь холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзах болно. Сонгууль ажиглах тусгай хороо нь Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
АИХЭГ-ын сонгууль ажиглах хорооны арга зүйн дагуу сонгуулийн өдөр санал хураалт, санал тоолох, дүнг нэгтгэх зэрэг ажиллагааг системтэйгээр, нягт ажигладаг бол энэхүү Сонгууль ажиглах тусгай хороогоор санал авах өдөр тодорхой тооны сонгуулийн хэсгийн хороонд хорооны гишүүд, шинжээчид айлчлал хийнэ.
Сонгуулийн өдрийн маргааш АИХЭГ хэвлэлийн бага хурал зарлаж, сонгуулийн процессын талаарх урьдчилсан дүгнэлт, ололтоо танилцуулна. Хэвлэлийн бага хурлын урилгыг тусад нь хүргүүлэх болно. Эцсийн тайланд сонгуулийн процессыг бүхэлд нь дүгнэхийн сацуу зөвлөмж тусгасан байх бөгөөд сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтэд мэдээлнэ.
Холбоотой мэдээ