БНСУ-ын сүлжээ кино театрын эрдэнэшишийн борлуулалтыг дэмжих зорилготой хагас нүцгэн эрэгтэй моделийн зураг олон асуудал дагуулсан учир ажлын битүү хувцастай зургаар сольжээ.
Өмнөд Солонгост мөрдөж буй цар тахлын халдвараас сэргийлэх журмын дагуу кино театрт ус, ундаанаас өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдах, оруулахыг хоригложээ.
CGV сүлжээ кино театр зах зээл хямран доройтож буй энэ үед үйлчлүүлэгч татахын тулд авч явах зориулалттай шуудайтай эрдэнэшиш худалдаанд гаргаж, сурталчилгаанд нь хагас нүцгэн эрэгтэй загвар өмсөгчийн зураг ашигласан байна.
Сурталчилгааны цуврал зургууд дээр булчинлаг, чийрэг биетэй, царайлаг модель залуу дээгүүрээ хагас нүцгэлэн, шуудайтай эрдэнэшишийн дунд суух аж. Харин эрдэнэшишийн шуудайн дээр 1980-аад оны загварын үсгийн фонт, дизайн оруулсан байна. Түүнчлэн тус шуудайтай эрдэнэшиш энгийн үед шууд худалдаж аваад идэх зориулалттай кино театрын эрдэнэшишээс хямд үнэтэй аж.
Сурталчилгааны зургууд цахим орчинд маш хурдан тарж, үзэгч олныг талцуулж орхисон байна. Зарим үзэгчид нүд баясгах сайхан сурталчилгаа хийж байгаад CGV сүлжээний хамт олонд талархсан бол зарим нь эр хүний дүр төрхийг буруу ашиглалаа хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Жишээлбэл, нэгэн үзэгч сурталчилгааны зурганд “Энэ эрдэнэшишийн сурталчилгаа юм уу, эсвэл биеэ үнэлж байгаа явдал уу? Хэн эрдэнэшиш худалдаж аваад нүцгэн бие дээрээ асгах юм бэ? Хэн шуудайтай эрдэнэшишийн дунд нүцгэлж хэвтэх юм бэ?” гэх мэтээр шүүмжилсэн сэтгэгдэл үлдээжээ. Түүнчлэн олон хүн хүнс хомсдож байгаа хүнд үед хүнсний бүтээгдэхүүнийг хог хаягдал болгон дэмий үрлээ хэмээн эсэргүүцсэн байна.
Тиймээс CGV сүлжээ дээрх зургуудаа устган, оронд нь битүү ажлын хувцастай эрийн эрдэнэшиш зөөж байгаа болон зөвхөн эрдэнэшишийг голчилсон зургууд нийтэлжээ.
Эх сурвалж: CGV
Холбоотой мэдээ