Фужиан мужийн Чанбиао дахь жижигхэн арал дээр Хятадын үндэсний цөмийн корпораци нууцлаг хоёр цөмийн реактор барьж байгаа нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ.
Тэдгээр цөмийн реакторуудыг Хятадын түргэн реактор буюу CFR 600-гийн стандартаар байгуулж буй бөгөөд 2023, 2026 онуудад тус бүр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. CFR 600 реактор нь цөмийн урвалаараа өөрийн эргүүлэн хэрэглэх хэмжээнээсээ илүү их түлш ялгаруулдаг төрлийн реакторуудын нэг юм. Чухам тиймээс л олон улсын эрдэмтэд БНХАУ-ын чимээгүйхэн байгуулж эхэлсэн дээрх хоёр реакторт ихээр санаа зовох болжээ.
Дэлхий дээрх ихэнх цөмийн цахилгаан станцууд ялгаруулж байгаа түлшээ аль болох бүгдийг дахин ашиглаж, улмаар илүү их эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай байдаг. Харин CFR 600-гийн төрлийн реакторууд эрчим хүч бус түлш үйлдвэрлэхэд илүү чиглэсэн бөгөөд ялгарсан плутониум түлшийг ихэвчлэн цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг юм.
Эл төрлийн цөмийн реакторууд цөмийн цахилгаан станц үүсч хөгжсөн түүхийн эхэн үеэс л хэрэглэгдэхээ больж, өдгөө АНУ, Нэгдсэн Вант улс, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнууд дээрх төрлийн реакторыг хөгжүүлээгүй олон арван жил болжээ.
Харин Хятад улс дотооддоо CFR 600 реактор хөгжүүлэн бүтээж ирсэн байна. Тус реактор нейтроноо шингэн натри ашиглан хөргөдөг аж. Харьцуулбал, олон улсад ашиглаж байгаа бусад цөмийн реакторууд бүгд ус ашигладаг бол дээрх реакторууд шингэн натри ашигласнаар дулааны хэмийг илүү нарийн хянадаг байна. Түүнчлэн 2003 оноос хойш хөгжүүлж буй CFR 600 реактор цөмийн хаягдал плутониум болон шавхагдсан уранаас холимог оксид хэмээх түлш, 1500 мвт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж.
Хэдийгээр дээрх үзүүлэлтээс харахад CFR 600 реактор хүчин чадал ихтэй боловч өндөр үнэтэй ураныг маш ихээр хэрэглэдэгт гол асуудал оршиж байгаа юм. Тиймээс энгийн реактор барихын оронд яагаад заавал CFR 600 реактороос хоёрыг зэрэг барьж байна вэ гэдэг асуудал эрдэмтдийн санааг хамгийн ихээр зовоож байна.
Зарим судлаачдын тооцоолж байгаагаар, хоёр реактор зэрэг бүтээж буй зэвсгийн түвшний плутониум түлшийг ашиглан Хятад улс 2030 он гэхэд 1270 цөмийн цэнэгт байлдааны хошуу үйлдвэрлэх боломжтой аж. Энэ нь Хятад 10 жилийн дотор АНУ-тай ижил хэмжээний цөмийн дайны хүчин чадалтай болно гэсэн үг юм.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ