Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын Захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр (2021.05.25) нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцсан.
"30 КМ ОРЧИМ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ БУЮУ LRT ЯВАХААР ТӨЛӨВЛӨСӨН"
Энэ үеэр Хотын захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явуулахаар төлөвлөж байна. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” хэмээн онцолжээ.
Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-иос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гадаадын зээл, тусламжийн төсөл, арга хэмжээг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахаар болов.
АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОФФИСОО НИЙСЛЭЛЭЭС 300 КМ-Т ГАРГАВАЛ ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ЦОГЦ ХӨНГӨЛӨЛТИЙН БАГЦ САНАЛ БОЛГОНО
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж буй. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгойт, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлах юм байна.
Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих аж. Зургаан дэд төв 2024 онд бүрэн ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Майдар, Багахангай руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна.
Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо нийслэлээс 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багц санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.
Холбоотой мэдээ