Украин улс тавдугаар сарын 26-наас эхлэн Беларусьтай агаарын харилцаагаа зогсоож, авиа компаниуддаа хөрш улсын агаарын орон зайд нисэхийг хориглов. Тус улсын Ерөнхий сайд Денис Шмигал энэхүү шийдвэрийнхээ талаар Мягмар гаригт өөрийн Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр “Украин тавдугаар сарын 26-ны 00:00 цагаас эхлэн Беларусьтай агаарын харилцаагаа зогсоож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Дэд бүтцийн яам, Улсын нисэхийн ерөнхий газар, “УкСАТСЭ" ТӨҮГ-т шаардлагатай арга хэмжээ авахыг даалгалаа. Нэмж дурдахад, Украины авиа компани, нисэх онгоцыг Бүгд Найрамдах Беларусь Улсын агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглож байна” гэж бичжээ.
Шмихал “Минск хотод “Ryanair” онгоцыг албадан буулгасан явдал нь Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийг зөрчсөн хэрэг юм. Манай засгийн газрын шийдвэр нь нислэг, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг" хэмээн нэмж бичсэн байна.
Тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэгдсэнээр, Украин улсын хилийн албадад Беларусь улсаас ирэх болон тус улс руу зорчих иргэдийн бүртгэлийг зогсоох тушаал өгчээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 23-ны өдөр Минскийн нисэх онгоцны буудалд яаралтай газардсан “Ryanair” зорчигч тээврийн онгоцны асуудлаар хуралджээ. Улмаар Беларусь улстай шууд нислэг үйлдэхээ зогсоох, Бүгд Найрамдах улсын дээгүүр Украины тээврийн компаниуд нислэг үйлдэхийг хориглох шийдвэрийг боловсруулахыг Засгийн газартаа даалгажээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ