Монголчууд бурхан Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг олсон өдрийг жил бүрийн тавдугаар сарын 26-нд тэмдэглэдэг болоод байгаа.
Түүх сөхвөл, Монгол нутагт буддын шашин хэдэнтээ түгэн дэлгэрсэн байдаг. Эрт цагт 2000 шахам жилийн тэртээ Энэтхэгийн ачарьяа (эрдэм номт хүмүүнийг нэрлэдэг самгарьд үг Г.Г.) нар Монгол газарт бурханы шашныг дэлгэрүүлсэн гэлцдэг. Судар бичгийн хүрээлэнг үндэслэн байгуулсан, нэртэй эрдэмтдийн нэг Зава Дамдин (1867-1937 он) бээр өөрийн бүтээлд “Буддын шашин 2200 жилийн өмнө Торгоны замыг дамжин Хүннү гүрэнд дэлгэрсэн” хэмээн дурджээ.
Түүхийн бусад сурвалжид Сьянби гүрний үед монгол нутагт Буддын сүм хийд байсан, манай тооллын 7 дугаар зуунд Хятадын аялагч, буддын шашны хуварга Суанжиан Говийг туулж Торгоны замыг зорьж явахад Монгол нутагт буддын сүм хийд тааралдаж лам нар энэтхэг хэлээр уншлага мөргөл үйлдэж байсныг тэмдэглэсэн тухай өгүүлдэг.
Монголд буддын шашин дахин дэлгэрсэнийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас олдсон манай тооллын 9-10 дугаар зуунд хамаарах уйгур язгууртны булш илтгэн харуулдаг хэмээн археологичид үздэг.
“Монголын нууц товчоо” хөлгөн судрын 261, 264 дүгээр бүлэгт Энэтхэг орныг “Хиндустан”, Синд мөрнийг “Шинэгол” гэж нэрлэсэнээс үзэхэд монголчууд Энэтхэгийн сайн мэддэг байжээ. Дашрамд дурдахад “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг Алигархийн Их сургуулийн түүхч Мохаммад Хабиб 1957 онд анх удаа англи хэлэнд хөрвүүлсэн юм билээ. (Зүүн гарын зураг)
Хожим 13 дугаар зуунд монгол хаад бурханы шашныг хүндэтгэн, сүм хийдийг алба гувчуураас чөлөөлдөг, Өгөөдэй хаан Буддын шашны сүмийг нийслэл Хар хоринд байгуулсан тухай түүх өгүүлсэн байдаг.
Шашин номоор уламжлан Энэтхэгийн соёл, урлаг Монгол оронд түгэн дэлгэрч байсан байна. Манай тооллын 7 дугаар зуунд самьгард хэл дээр зохиогдсон Дандины Кавьяадарша (Зохист аялгууны толь) хэмээх яруу найргийн онол Монголын утга зохиолд нөлөөлсөн, Монголын эрдэмтэн мэргэд ч тайлбар сэлтийг бичиж туурвисан. Монголчууд Энэтхэг оронтой эртнээс соёл, оюун санааны хэлхээ холбоотой явж ирсэн нь өвлүүлж үлдээсэн урлаг, утга зохиол, гүн ухаанд төдийгүй, ширээсэн ган, ширгээсэн эм, барьж байгуулсан орд харш бусад олон зүйлд харагддаг.
Бурханы шашны зохиол бүтээлүүдийг туурвиж, түгээн дэлгэрүүлэхэд Монголын эрдэмтэй лам нар 15 дугаар зууны эцсээр ихэд шамдсан, Лигдэн хааны үед Буддагийн сургааль бүхий 5000 орчим зохиолыг эмхэтгэсэн Ганжуур, Данжуур судрыг монгол хэлнээ орчуулсан. Тэдгээрийн нэлээд нь Монголын Бурханы шашны төв Гандантэгчилэн хийд, Улсын нийтийн номын санд хадгалагддаг байна.
“Монгол Ганжуур” буюу “Өргөө Ганжуур” бол Буддын сургаалийг найман зууны тэртээ Хубилай сэцэн хаан зарлигаар түвд хэлнээс таширлан хөрвүүлсэн 108 боть хөлгөн судар юм. Энэхүү хөлгөн судрыг монгол хэлнээ хөрвүүлэх ажил XIV зуунд эхэлж XVIII зууны эх хүртэл дөрвөн зууныг өртөөлөн олон эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээр биеллийг олж гар аргаар бүтээсэн цаасан дээр 1720 онд модон бараар хэвлэгдсэн байна.
Энэтхэгийн нэрт эрдэмтэн Рагу Вира (1902-1963) хинди, самгарьд, перс, араб, англи, урду, бенгаль, маратхи, тамил, телегу, пенжаб хэл мэддэг хэл шинжээчийн хувьд 1956 онд Монгол оронд зочлон эртний зориолуудыг эрж хайх явцдаа Энэтхэгт үгүй болсон, 1611 самгарьд зохиолын монгол хэл дээрх эмхэтгэлийг Монгол, Энэтхэгийн соёлын хэлхээ холбооны өв гэж авч цуглуулсан боловч 1963 онд замын ослоор өөд болсон. Түүний хүү др. Локеш Чандра тэрхүү эмхэтгэлийн боть бүрийг тусгай дэвтэр болгон эмхэтгэн 1973 онд хэвлүүлсэн нь Монголд төдийгүй ОХУ-ын Санкт Петербург, Буриад, Халимаг, Хятад, Япон, АНУ, Европод танил болжээ.
Алт, мөнгөөр бичигдсэн эх бичвэрийг хамгаалах зорилгоор тус тусад нь хэвлэсэн судрын хуудсуудыг нэг нүүрэнд хослуулан буулгасан агаад тэр бүхэнд “Ном дор мөргөмү, Лам дор мөргөмү, Бурхан дор мөргөмүү” хэмээх гурван эрдэнийн тарни шигтгэсэн нь бичвэр тасалдаж үрэгдээгүйг илтгэхээс гадна өндөр гэгээн Занбазар бээр эзэн Чингисийн өлгий нутагт бурханы сургааль түгэн дэлгэрэхийг билэгдэж бүтээсэн гэлцдэг Ногоон дарьэх бурханы сэрэг дүрээр ботиудыг чимэглэсэн аж. Анхны эхээс нь гэрэл зургаар татахын тулд тусгай дуран авайг ХБНГУ-д захиалж хийлгэсэн, Энэтхэгийн Соёлын яам, Судар бичгийн үндэсний төв, Индира Гандийн нэрэмжит Үндэсний урлагийн төв, Энэтхэг улсад суугаа Монгол Улсын ЭСЯ зэрэг олон талаас хамтран оролцсон гэхээр багагүй чармалт шаардсан, бас ч гэж нэлээд нүсэр ажил болсон нь ойлгомжтой.
Бурхан буддагийн сургааль 2500 жилийн дараа эх нутагтаа эргэн очиж дахин хэвлэгдсэнд билгүүн номч Б.Ренчин бэлэгшээн “Монголын утга зохиолын сувдан сондор” гэж нэрлэсэн байдаг.
Энэ мэт эртний болон нэн ховор зохиол бүтээлүүдийг цахим хэлбэрт шилжүүлж цагийн залуу эрдэмтдийн мэлмийд хүргэж судалгааны эргэлтэд оруулах ажил өнөө хэр үргэлжилж байна.
Энэтхэгийн Варнасаи хот дахь Түвд судлалын их сургуулийг дүүргэсэн Д.Ширэндэв пали Трипатика-г монгол хэлнээ хөрвүүлж, найман ботийг хэдийнэ хэвлүүлсэн, “Цогт хүрдэн” хэмээх судалгааны бүлгийн залуус бурханы шашны эртний болон нэн ховор зохиолуудыг өдгөө пали, самьгард хэлнээс хөрвүүлж байгаа юм билээ.
Эрдэмтэн зохиолч Б.Ренчингийн “Монгол Ганжуур” судар дахь самгарьд үгийн тайлбаруудыг Энэтхэгийн судар бичгийн хүрээлэн (Бхартия Видья Бхаван)–ийн судлаач др.Шашабала хэвлүүлэхээр эмхэтгэж байна.
Эртний, нэн ховор ном судруудыг орчин цагийн техникийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрт буулгавал олон үеийнхний оюуны бүтээлүүд тод сайхан хэвлэгдэхээс гадна судалгаа шинжилгээний эргэлтэд орж хэн, хаана суудгаас үл хамааран судалж мэдэх өргөн боломж бүрдэх учиртай.
Энэтхэг улсын ерөнхий сайд Н.Моди 2015 оны тавдугаар сард Монгол улсад айлчлахдаа бурхан Будда ёроолд нь сууж гэгээрсэн бодь модны суулгацыг бэлэглэж, бурхан Будда, түүний хоёр шавийн сэрэг дүрийг бүтээлгэж залах, эртний болон ховор ном судрыг сэргээн засварлах, цахим хэлбэрт шилжүүлэхээр амалсан. Энэтхэгийн тал амалсан ёсоор Буддагийн сэрэг дүр гоц сайхнаар бүтээгдэж Гандантэгчилин хийдийн Батцагаан дуганд залсан, “Монгол Ганжуур” судрыг шинэчлэн хэвлүүлж Монгол сүм хийдүүдэд бэлэглэхээр болоод байгаа билээ.
Монгол оронд 1990-ээд оноос үндэсний түүх, соёлоо сэргээн хөгжүүлсэнээр сүм хийдүүд олноор нээгдсэн тул эртний ном судруудын 108 боть энэхүү эмхэтгэлийг эх нутагтаа эгүүлэн залах хүсэлтийг эрдэмтэд, шашин соёлын зүтгэлтнүүд энэтхэгийн талд тавьсан аж.
Бидний өвөг дээдсийн судалж, авч өөриймшүүлсэн “Ганжуур” хэмээх 108 боть хөлгөн судрыг Энэтхэг улс орчин цагийн дэвшилтэт технологийг ашиглан үзэмжтэй сайхан хэвлэснээ Монгол улсад ойрын үед ёслол төгөлдөр хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгааг тус улсын Соёл, аялал жуулчлалын төрийн сайд Прхалад Сингх Пател саяхан Соёлын сайд Ч.Номинтой цахимаар уулзахдаа хэлнэ билээ.
Төв, орон нутгийн сүм хийд, байгууллагууд Монголын бурханы шашинтны төвийн хүсэлтээр манай ард түмний мэдлэг оюуны өв, буддын шашны эртний, нэн ховор судрын дээж, түүх, соёлын нандин дурсгал – “Монгол Ганжуур” хөлгөн судрыг эх орондоо залах нь цаг мөч ийнхүү ойртож байна.
Өдгөө дэлхийд тэргүүлэх гүн ухааны нэгэнд тооцогддог болсон Буддын сургааль нь монголчуудын олон зууны туршид өвлөгдөж ирсэн амьдралын хэв маягт шингэн шилжин төв ёс буюу зөв санаа, зөв хэл яриа, зөв үйл, зөв амьдрал, зөв чармайлт, зөв зорилго, зөв ухаан бодлыг дээдэлдэг амьдралын ухаан болон хэвшсэн. Тиймээс монголчууд эдээр биш эрдмээр биеийг чимэх, санаж сэрэх, хийж бүтээхийн дээдэлдэг. Өргөн уудам Ази тивийн өмнөд хязгаарт Энэтхэг, зүүн хойдод Монгол нутагладаг хэдийгээр хил залгадаггүй, алс зайдуу оршдог боловч эвийг эрхэмлэх, зохицон амьдрах нийтлэг сэтгэлгээтэй. Энэхүү оюун санаа, соёлын нийтлэг чанар нь хоёр улсын төр, засгийн газруудын төсөрхөн 65 жилийн ойгоо ёслон тэмдэглэсэн албан ёсны харилцаанд уламжлагдан хадгалагддаг.
Манай хоёр улсын соёл, оюун санааны уламжлалт хэлхээ холбоо улс, төрийн харилцаа, хүмүүнлэгийн болон худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг нөлөөлдөг. “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед ч байгаа жаахнаасаа бидэнд илүүчлэн150 мянган тун вакцин нийлүүлж, эдийн засгийн тусгаар тогтнолын бататган, аж үйлдвэржүүлэлтийн шинэ давалгааг эхлүүлэх учиртай газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, коксжих нүүрсний зах зээлийг өргөтгөх, мэдээлэл холбооны технологийн хөгжлийг түргэтгэх сургалт-аутсорсингийн төвүүдийг байгуулах чиглэлээр хоёр тал гар нийлэн ажиллаж байна. Эл дотно хандлага цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна.
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчлэн бусдын тус дэмийг марталгүй хариу барихыг хичээдэг бидний монголчууд Энэтхэг улсын засгийн газар, ард түмэнд халуун сэтгэлийн хандив өргөснийг тус улс талархан хүлээн авсан билээ.
Элчин сайд Г.ГАНБОЛД
Шинэ Дели хот
Холбоотой мэдээ