БНХАУ Тайваньд вакцины тусламж санал болгов

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

БНХАУ Тайваньд вакцины тусламж санал болгов

БНХАУ Тайваньд вакцины тусламж санал болгов

БНХАУ цар тахлын халдвар огцом нэмэгдэж хүнд байдалд орсон Тайваньд яаралтай вакцины тусламж илгээх санал тавьсан нь Тайпэйн уур хилэн, эсэргүүцэлтэй тулгарчээ.

Цар тахал олон улсад дэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэж байсан хэцүү цаг үед ч Хятад, Тайванийн хооронд үл ойлголцол үргэлжилсээр, болзошгүй мөргөлдөөний аюул хүлээсээр байгаа билээ. Түүнээс гадна Тайпэйн зүгээс БНХАУ-ыг худал мэдээлэл тараан ДЭМБ-ыг Тайваньд хүрч ажиллахад саад учруулж байна хэмээж байгаа юм. Харин Бээжингийн зүгээс Тайвань цар тахлыг улс төржүүлж, өөрсдөдөө ашигтайгаар ашиглах санаатай байгаа нь цар тахлыг дарах хамтын хичээл зүтгэлийг хойш татаж байна гэх байр суурьтай байгаа юм.

Тайваньчууд олон сарын турш халдварыг хяналтандаа авч, цар тахлыг ялсан хэмээн олон улсад гайхагдаж байсан ч сүүлийн өдрүүдэд халдварын шинэ давалгаанд хүчтэй цохигдохын хажуугаар вакцины хангамж нь дуусч балраад байгаа юм. Учир нь 23 сая хүнтэй Тайвань ердөө 700 мянга гаруй вакцин нөөцлөөд байсан юм.

Харин Бээжин дэх Тайванийн хэрэг эрхлэх алба өчигдөр/2021.5.24/ Тайваньд шинэ давалгаанд өртсөн цар тахлыг дарах тусламж санал болгож байгаагаа илэрхийлэн “Тайвань дахь ард иргэд болон зарим байгууллагууд Хятадын үйлдвэрлэсэн вакцинаас авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бидний зорилго бол маш энгийн бөгөөд ойлгомжтой. Бид тайваньчуудтай аль болох түргэн ойлголцож, эх газрын вакцинаар тусламж үзүүлмээр байна. Түүнчлэн хэрвээ шаардлагатай бол цар тахлын эсрэг эмнэлгийн багаж хэрэгсэл, мэргэжилтнүүдээ илгээхэд ч бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

Гэвч, хариуд нь Тайванийн эх газрын хэрэг эрхлэх зөвлөл “Хятад улс вакцины тухай бидэнтэй ямар ч шугамаар холбогдож ярилцаагүй. Чухамдаа Тайвань хангалттай олон тун вакцин импортолж чадахгүй байгаад Бээжин өөрөө буруутай. Халдварын тоо өсөх бүрт Бээжин Тайванийн засгийн газрыг буруутгаж, вакцинаа шахах гэж оролддог. Түүнээс биш Тайвань вакцины асуудалтай байгааг бүгд мэдэж байгаа. Үүнийг дахин дахин ярих хэрэггүй. Түүнээс гадна бид Хятадын вакцинд итгэлгүй байгаа бөгөөд саналыг хүлээн зөвшөөрөх нь бидний ДЭМБ-тэй шууд харилцах боломжийг хаах Хятадын бодлогод дэм болох юм” хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Вашингтон, Тайпэйн хамтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зургадугаар сарын сүүл гэхэд АНУ олон улсад 80 сая тун вакцин тараах гэж байгаагийн багагүй хэсэг нь Тайваньд хүрнэ гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж